Доктор Жон Агвуноби захирлаар ажиллаж эхэллээ

2016 оны 2 сарын 16

 Доктор Жон Агвуноби (Dr. John Agwunobi) Herbalife компанид Эрүүл мэнд, Хүнс тэжээлийн асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж эхэллээ

ЛОС АНЖЕЛЕС--(БИЗНЕС УАЙР) – Хүнс тэжээлийн олон улсын Herbalife компани (NYSE: HLF) өнөөдөр (2015/02/08) албан ёсны мэдэгдэл хийж, доктор Жон Агвуноби тус компанид Эрүүл мэнд, Хүнс тэжээлийн асуудал эрхэлсэн захирлын албан тушаал хаших болсон талаар нийтэд сонордууллаа. Эмчийн мэргэжил эзэмшсэн, эрүүлийг хамгаалах салбарт төрийн өндөр албан тушаал эрхэлж явсан, мөн олон улсын томоохон компанийг удирдан ажиллаж байсан гээд тоочвол Herbalife компанийн хамт олны эгнээнд ийнхүү нэгдсэн доктор Агвуноби амжилт бүтээлээр дүүрэн намтартай, арвин туршлагатай хүн юм.

"Доктор Агвуноби манай Herbalife компанийн шим тэжээлийн багийн бүрэлдэхүүнд орж ажиллах болсон явдалд бид бахархаж байна. Шилдэг лидерүүдийг төрүүлэн гаргах үйл ажиллагаанд тасралтгүй хөрөнгө оруулах замаар бид дэлхийн өнцөг булан бүрт буй гишүүддээ болон тэдний үйлчлүүлэгч нарт эрүүл мэндийн болон шим тэжээлийн мэдлэг олгох эрхэм зорилгоо улам бүр бэхжүүлж байгаа юм" хэмээн Herbalife компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал Майкл О. Жонсон ярилаа.

Шинэ үүрэгт ажлынхаа хүрээнд доктор Агвуноби тус компанийн шим тэжээлийн бодлогыг боловсруулах, шим тэжээл болон бүтээгдэхүүний талаар мэдлэг боловсрол олгох асуудлыг хариуцахын зэрэгцээ Herbalife компанийн Шим Тэжээлийн Хүрээлэн, Хүнс Тэжээлийн Мэргэжилтнүүдийн Зөвлөл, Хоолзүйн Шинжлэх Ухааны Мэргэжилтнүүдийн Зөвлөлийг тус тус удирдан ажиллах юм байна. Тэрбээр Herbalife компанид ажилладаг докторын зэрэгтэй 34 мэргэжилтэн, 250 эрдэмтэн судлаач нартай хамтран ажиллаж, бүтээгдэхүүн боловсруулах үйл явц болон гишүүдийг сурган бэлтгэх үйл ажиллагааг хүнс тэжээлийн шинжлэх ухаантай хослуулж, нэгтгэн зангидах юм.

Доктор Агвуноби төрийн болон хувийн хэвшилд аль алинд нь ажиллаж байсан арвин туршлагатай. Тухайлбал тэрбээр 2005-2007 оны хооронд АНУ-ын Эрүүл Мэндийн Яаманд төрийн нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд ажиллаж байжээ. Бүрэн эрхийнхээ хугацаанд тэрбээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих асуудлыг хариуцан ажиллахын зэрэгцээ АНУ-ын Өвчнийг Хянах, Урьдчилан Сэргийлэх Төв, Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн, Хүнс болон Эмийн Захиргааны Байгууллага, АНУ-ын Ерөнхий Мэс Засалчийн Ажлын Алба болон нийгмийн эрүүл мэндийн бусад олон алба, хөтөлбөрүүдэд хяналт тавьж ажиллаж байв.

Харин хувийн хэвшилд доктор Агвуноби АНУ-ын Уолмарт компанид Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн ахлах дэд ерөнхийлөгч болон ерөнхийлөгчийн албан тушаалд тус тус ажиллаж, Уолмарт компанийн жилийн орлогыг 25 тэрбумаас 30 тэрбум хүртэл нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Мөн эрүүлийг хамгаалах салбарын шинэчлэл хийх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэнд - шим тэжээл, ажилтнуудын эрүүл мэнд, онцгой байдлын үед авах арга хэмжээ зэрэг асуудлаар санаа оноо дэвшүүлж, зөвлөгөө өгч ажиллаж байв.

Доктор Агвуноби өндөр боловсролтой бөгөөд Жонс Хопкинсийн Их Сургуульд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг, Жоржтауны Их Сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хүртсэн байна. Доктор Агвуноби Ховардын Их Сургуульд хүүхдийн өвчин судлалын чиглэлээр резидентийн сургалтанд хамрагдсан бөгөөд өдгөө АНУ-ын Флорида муж, Мэриланд муж, Вашингтон хотод эмчээр ажиллах албан ёсны зөвшөөрөлтэй. Тэрбээр АНУ-ын Африкийн Хөгжлийн Сан (USADF), Shopko, Magellan Health Services, Smart Rx Systems Inc., Oration Health зэрэг олон байгууллагын удирдах зөвлөлд ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна