УИХ-ын даргын зөвлөлийн хурал хойшиллоо

2016 оны 2 сарын 16

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан хэдий ч УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга нар ирэхгүйгээс хойшилсоор байна. Уг хуралдаанаар ээлжит бус чуулганы гацааг тайлах асуудлаар зөвшилцөхийг зорьж буй аж.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр үдээс хойш УИХ-ын даргынхаа өрөөнд хаалттай хуралдан улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын тухай хэлэлцсэн. Тус хуралдаанаас УИХ-ын даргын зөвлөлөө дахин хуралдуулах шийдвэрт хүрчээ. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар ирэхгүй байгаа нь МАН, МАХН, МҮАН-ын удирдлагууд хоорондоо уулзаж, ээлжит бус чуулганыг гацаах тохиролцоонд хүрэв үү гэх хардлагыг улс төрийн хүрээнийхэн дунд төрүүлээд байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Олонхийн бүлэг ирцээ бүрдүүлэх ёстой. Тэр цагт МАН-ын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганы нээлтэд оролцоно. Мөн Шударга ёс эвслээс Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлбэл дэмжинэ” гэдгээ мэдэгдсэн. Эл байр суурь нь МАН, МАХН-ын удирдлагууд уулзжээ гэдэг харыг улам баталгаажуулаад байгаа юм.

Ирц бүрдвэл ээлжит бус чуулганы нээлтийг хийн байнгын хороо, чуулганаа үргэлжлүүлэн хуралдуулах бүрэн боломж бий. Гэвч ирц бүрдэх нөхцөл байдал үүсэхгүй байгаа аж. УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь 35 суудалтай, үүн дээр ИЗНН-ын хоёр гишүүн нэмэгдсэнээр нийтдээ 37 болж буй юм байна. Гэтэл ээлжит бус чуулганы нээлтийг хийхэд 39 гишүүн оролцож байж хууль ёсны хүчин төгөлдөр болох юм. Хэдийгээр 2-хон гишүүнийг нэмээд 39-д хүргэх бололцоотой юм шиг харагдавч, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, бие даагч гишүүд мөн нэг тал болон ирцээр бойкот хийж буй нь ээлжит бус чуулганы нээлтийг ийнхүү хоёр дахь өдөр нь гацаах нөхцөл байдал үүсгээд байна.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна