Хувьцаагаа худалдаж, эргэлтэд оруулахыг шаардав

2016 оны 2 сарын 16

Монгол Улсын иргэн та 1072 хувьцаатай эсэхээ Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn сайтаар орж нягталж болно. Хэрвээ та өмнө нь Хүний хөгжил сан, Эх орны хишиг зэрэгт хамрагдан 2011, 2012 онд оюутны сургалтын төлбөрт  500 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгал, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө бэлнээр авсан тохиолдолд энэ хувьцаа байхгүй гэсэн үг. Харин дээрх хөнгөлөлтүүдэд хамрагдаж байгаагүй бол иргэн танд 1072 хувьцаа бий.

Гэхдээ та энэ хувьцааг өөрийн болгож, баталгаажуулахын тулд нэн тэргүүнд үнэт цаасны компанид очиж өөрийн нэр дээр данс нээн, байршуулах учиртай. Ингэсэн тохиолдолд та хувьцаагаа баталгаажуулан авлаа гэсэн үг юм.

Өнөөдрийн байдлаар 800 мянган иргэн данс нээлгэж, хувьцаагаа баталгаажуулсан байна. Үүний 300 мянга нь эх орны хишиг, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөг, сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийн хөнгөлөлт хэлбэрээр хувьцааны оронд хүртчихсэн юм. Ингээд үүний цаана дансаа нээж, хувьцаагаа өөрийн болгох шаардлагатай 1 700 000 иргэн байна. Эдгээр иргэд үнэт цаасны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй компаниас сонгон дансаа нээлгэх шаардлагатай.

Тэгвэл “Хувьцаагаа худалдаж эргэлтэд оруулмаар байна” гэсэн хүсэлт Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд их ирэх болжээ. Өнгөрөгч 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл энэ төвд хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлтэй 500 гаруй иргэн ханджээ. Хувьцааны тухай  яригдаж эхэлсэн үеэс өнөөг хүртэлх хугацаанд 1072 хувьцааг эзэмшсэн иргэд нас барсан тохиолдолд яах вэ, хувьцаагаа өвлүүлж болох уу, барьцаалах боломж бий юу, эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөч гэх хүсэлтийг иргэд тавьж эхэлсэн байна.

Тэд иргэдийн энэ хүсэлт дээр үндэслээд Засгийн газарт хувьцаагаа арилжаалах талаар хандаж байгаагаа өнөөдөр дуулгалаа. Мөн ийм хүсэлтэй иргэд ч Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд хандахыг уриаллаа. Хувьцааг арилжаалах хүсэлтэй иргэдийн тоо 1000-д хүрвэл Өргөдлийн байнгын хороонд хандана гэдгээ хэлсэн юм.

Хэрвээ хувьцааг арилжаалах боломжийг нээгээд өгчихвөл нэгж үнийг 933 төгрөгөөр нэрлэсэн 1072 хувьцааг иргэд борлуулах, үр хүүхэддээ өвлүүлэх, барьцаалах зэрэг боломжууд нээгдэнэ. Тиймээс иргэдийн энэ хүсэлт дээр тулгуурлаад Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээж өгөх хүсэлтийг Засгийн газарт гаргаж байгаа юм.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна