Өрхийн зарлага орлогоосоо давжээ

2016 оны 2 сарын 16

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас өнөөдөр 2016 оны эхний нэг сарын улс орны нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ.  Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт энэ оны нэгдүгээр сарын эцэст 9.9 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас191.7 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 456.1 тэрбум төгрөг буюу 4.4 хувиар буурчээ. Гүйлгээнд гарсан бэлэн мөнгө 713.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 7.1 тэрбум төгрөгөөр өсч, 2015 оны нэгдүгээр сарын эцэстэй харьцуулахад 18.6 тэрбум төгрөгөөр буурсан байх юм. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл  11.8 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 922.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 604.4 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар өсжээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 872.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оноос 215.5 тэрбум төгрөг буюу 32.8 хувиар  өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх  цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны нэгдүгээр сард 415 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл  79.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээр 848.8 мянган, зарлага 858.6 мянган төгрөг болж, өнгөрсөн оныхоос орлого нь 123.4 мянган төгрөгөөр буурчээ. Ингэж нэг өрхийн орлого багассан нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого буурсантай холбоотой гэж шинжээч тайлбарлалаа. Эсрэгээрээ нийгмийн халамжийн тэтгэмж, тэтгэвэр авах иргэний тоо 31.4 мянгаар нэмэгдэж, тэдэнд олгосон тэтгэврийн хэмжээ 2.4 тэрбум төгрөг буюу 30.2 хувиар өсжээ. Ялангуяа ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо нэмэгдэж, энэ оны нэгдүгээр сарын байдлаар хоёр тэрбум 194.7 сая төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжээр дамжуулж авсан байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэд 34.6 мянга болж, өнгөрсөн оны энэ үеэс 1.2 мянган хүн буюу 3.3 хувиар буурсан ч өмнөх сарынхаас 1.8 мянган хүнээр нэмэгдсэн байх юм. Ажил хайсан иргэдийн 53.1 хувь буюу 624.6 мянган нь эрэгтэйчүүд байна. Уул уурхайн салбар дахь гадаад шууд хөрөнгө оруулалт зогссон нь ажилгүй иргэдийн тоог нэмэх нэг шалтгаан болсныг шинжээчид тодотголоо.  Мөн улсын эдийн засаг саармагжиж, аж ахуйн нэгжүүд орон тооны цомхотгол явуулсан нь ажилгүй иргэдийн тоог нэмжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, бутармал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 25.3-91.2 хувиар буурчээ. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт цемент, хивс, төмөр бетон эдлэл, вакуум цонх, хаалга, тамхи, металл бэлдэц, ган төмөр хийц зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.0-99.8 хувиар буурсан байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна