Үлэг гүрвэлийн олдворуудаа буцааж авна

2016 оны 2 сарын 16

Гадаад хэргийн яамнаас ээлжит “Мэдээллийн цаг” уулзалтыг өнөөдөр зохион байгуулав. Уулзалтын эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 12-14 ний өдрүүдэд  ХБНГУ-д болсон Аюулгүй байдлын асуудлаар Мюнхений 52 дахь удаагийн бага хуралд  оролцсоныг онцоллоо. Бага хуралд 30 орчим орны төр, засгийн тэргүүн, 60 гаруй орны Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Европын Холбоо, НАТО-гийн удирдлага зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцож, терроризм, дүрвэгсдийн асуудал, Ойрхи дорнод, Сирид үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Сири улсад үүссэн галыг зогсоох, дүрвэгсдийн асуудлыг анхааралтай ажиглах байр сууринаас Монгол Улс хандаж буйг тус яамнаас мэдэгдлээ.

Мөн Америкийн нэгдсэн улсын Нью Йорк мужид 2014 онд хураагдсан Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, Юта мужид 2015 онд хураагдсан Бактрозаврын гавлын яс, Протосератопын араг яс, Протосератопын өндөгний чулуужсан үүр, Пситозаврын араг яс, Пситозаврын гавлын яс, зулзаган Протосератопын араг яс бүхий нэг хайрцаг, Хадрозаврын араг яс зэрэг олдворыг эргүүлэн авахаар болжээ.  Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгож байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын Албатай байгуулж буй “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээнд Элчин сайд Б.Алтангэрэл энэ оны хоёрдугаар сарын 4-нд өдөр Вашингтон хотноо гарын үсэг зурсан байна. Дээрх олдворуудыг Америкийн тал гэрээний дагуу ирэх дөрөвдүгээр сарын 05 нд Нью Йорк хотноо Монгол Улсад албан ёсоор хүлээлгэх өгөх юм.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна