Тост, Тосонбумбын нуруунд анхаарлаа хандуулахыг хүсэв

2016 оны 2 сарын 16

УИХ-ын гишүүд НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдтэй уулзан Тост, Тосон бумбын асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Ц.Оюунгэрэл болон НҮБ-ийн суурин зохицуулагч хатагтай Биата Транкман, НҮБ-ын суурин төлөөлөгчийн орлогч ноён Томас Эриксон болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны багийн ахлагч хатагтай Б.Бүнчингив нар оролцов.

Гишүүд Тост, Тосон бумбын нурууны орчимд байрлах уул уурхай, нутгийн иргэдийн мал аж ахуй хйигээд зэрлэг ан амьтадын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Уулзалтын үеэр Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 10 зорилт нь Тост, Тосон бумбын нурууны нөхцөл байдалтай хамааралтай байгааг онцлон тэмдэглээд НҮБ-аас тус нутгийг анхаарч судлан, зөвлөмж гаргаж өгөхийг хүсэв.

Өмнөговь аймгийн нийт газар нутгийн 20-иос дээш хувийн газар нутагт уул уурхайн хайгуул, ашиглалтын лиценз олгосон байгаа бөгөөд Парисын гэрээний дагуу дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж буйг харгалзан үзэж Засгийн газрын бодлогод өөрчлөлт оруулах саналтай байна гэдгээ УИХ-ын гишүүд хэлж байв. Түүнчлэн Агаарын бохирдлоос болж хүүхдийн эрүүл мэндэд аюул учирч байгааг судлан хэлэлцүүлж форум зохион байгуулсан явдалд НҮБ-ын Хүүхдийн санд талархаж байгааг уламжлаад, гэр хорооллын яндангаас гарч буй утааг ойрын 4 жилд багтаан арилгахад Засгийн газарт тусалж дэмжихийг хүслээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна