Монгол бүсгүйчүүд гадаад нөхөр сонгох болжээ

2016 оны 2 сарын 16

Гадаад хэргийн яам ээлжит мэдээллийн цаг зохион байгууллаа.  Мэдээллийн үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 12-14 ний өдрүүдэд  ХБНГУ-д болсон Аюулгүй байдлын асуудлаар Мюнхений 52 дахь удаагийн бага хуралд  оролцсоныг онцоллоо. Бага хуралд 30 орчим орны төр, засгийн тэргүүн, 60 гаруй орны Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Европын Холбоо, НАТО-гийн удирдлага зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцож, терроризм, дүрвэгсдийн асуудал, Ойрхи дорнод, Сирид үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Сири улсад үүссэн галыг зогсоох, дүрвэгсдийн асуудлыг анхааралтай ажиглах байр сууринаас Монгол Улс хандаж буйг тус яамнаас мэдэгдлээ. Мөн Америкийн нэгдсэн улсын Нью Йорк мужид 2014 онд хураагдсан Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, Юта мужид 2015 онд хураагдсан Бактрозаврын гавлын яс, Протосератопын араг яс, Протосератопын өндөгний чулуужсан үүр, Пситозаврын араг яс, Пситозаврын гавлын яс, зулзаган Протосератопын араг яс бүхий нэг хайрцаг, Хадрозаврын араг яс зэрэг олдворыг эргүүлэн авахаар болжээ.  Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгож байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын Албатай байгуулж буй “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээнд Элчин сайд Б.Алтангэрэл энэ оны хоёрдугаар сарын 4-нд өдөр Вашингтон хотноо гарын үсэг зурсан байна. Дээрх олдворуудыг Америкийн тал гэрээний дагуу ирэх дөрөвдүгээр сарын 05 нд Нью Йорк хотноо Монгол Улсад албан ёсоор хүлээлгэх өгөх юм.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард БНСУ виз мэдүүлэх журамдаа өөрчлөлт оруулж, Монгол иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр улсдаа аялж, ажиллах боломжийг олгосон. Гэвч Монгол иргэд визний хөнгөлөлт эдэлснээсээ хойш тус улсад харлах, визний хугацаагаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд ихээр гаргах болжээ. БНСУ-ын визний нөхцөл чанга байх үед сард ойролцоогоор 10 орчим иргэн визний хугацаа хэтрүүлдэг байсан бол одоо энэ тоо 270-300 болж нэмэгдсэн байх юм. Австри Улсаас цагаатгал хүссэн Монгол иргэдийн хүсэлтийг тус улсын Засгийн газар хүлээж авахгүйгээр буцаан гаргах  шийдвэрийг өнгөрсөн сард тус улсаас гаргасан байсан. Гэхдээ одоогоор нэг ч Монгол иргэнийг тус улс албадан гаргаагүй байна гэсэн мэдээллийг Гадаад хэргийн яамнаас өглөө. Австри улсад Монголын 2500 иргэн амьдардаг юм.

Монгол Улсын 125 мянган иргэн гадны 58 улсад ажиллаж, амьдарч байна гэсэн статистик баримт байна. Үүнээс албан ёсны бичиг баримттай, зөвшөөрөлтэй иргэн 33 мянга 172 байгаа юм. Сүүлийн жилүүдэд 20-30 насны эмэгтэйчүүд гадаадын иргэнтэй гэр бүл болох нь элбэгшжээ. Энэ оны нэгдүгээр сарын тоон мэдээллээр Монголын 1070 иргэн гадны иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан байна. Эдгээр иргэдийн 90 хувь нь эмэгтэйчүүд байжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна