Хөрөнгө орлогын мэдүүлгээ 100 хувь өгчээ

2016 оны 2 сарын 16

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа. 

Төрийн болон нутгийн захиргааны 109 байгууллагаас ирүүлсэн урьдчилсан дүнгээр 39940 мэдүүлэг гаргагч 2015 оны мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх явц 99,7 хувьтай байна. Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 269 албан тушаалтан бүгд буюу 100 хувь бүртгүүлжээ. 

Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбогдуулан зарим төрийн байгууллагад халаа сэлгээ ихээхэн хийгдсэн, мэдүүлэг гаргах хуулийн хугацаанд сар шинийн өдрүүд давхцсан зэрэг онцлог нөхцөл байдал үүссэн тул Авлигатай тэмцэх газрын албан хаагчид баярын болон амралтын өдрүүдэд ажиллаж, 2015 оны мэдүүлгээ бүртгүүлэх цахим системийн талаар зөвлөгөө, заавар өгч, мэдээлэл арга зүйгээр ханган ажилласан байна.  

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох төрийн байгууллагууд хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт тайлан мэдээг ирүүлэх үүрэгтэй бөгөөд ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр улсын хэмжээнд албан ёсны дүн мэдээ гарах аж.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна