Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуулийн хэрэгжилтийг шаардав

2016 оны 2 сарын 16

Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан, Монголын Дүлий иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпийн аварга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав нар өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж өгөх шаардлагыг УИХ-ын гишүүдэд хандан тавилаа.

УИХ-ын намрын чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах тухай хуулийн эцсийн найруулгыг ээлжит бус чуулганаар сонсох ёстой юм байна. Гэвч ээлжит бус чуулганы нээлт энэ сарын 18-н болж хойшлогдсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд дээрх хууль нэг хоногийн өмнө ч болов хэрэгжих нь чухал байгаа. Харин хууль хэрэгжихийн тулд эцсийн найруулгыг сонсч, батлах ёстой байдаг. Энэ процедур ээлжит бус чуулган эхэлж чадахгүй байгаагаас хойшилж буй аж.

Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан “УИХ энэхүү хуулийн эцсийн найруулгыг сонссоны дараа хууль бүрэн үйлчлэх ёстой. Бид энэ хуулиа хурдан хэрэгжээсэй гэж хүсч байна. Үр дүнг нь амьдралдаа хүртэх гэж хичээж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нэг өдрийн өмнө, нэг цагийн өмнө энэ хууль хэрэгжихийг хүсч байна.  Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулган товлосон хугацаандаа нээлтээ хийж чадсангүй. Ийм чухал асуудлуудыг хойш нь тавиад хуралдаа суухгүй байгаа гишүүдэд харамсч байна. УИХ-ын гишүүдээ та бүхэн хуралдаа суугаач ээ. Өнөөдөр эдийн засаг, улс орны байдал хүнд байгаа энэ үед ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эмзэг бүлгийнхний амьдрал хүнд байна. Энэ чухал хуулиа гаргаад, амьдралд минь хэрэгжүүлээд өгөөч гэж хүсч байна” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмээс ялгаварлан гадуурхахыг хориглох, ялгаварлан гадуурхсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг төрийн болон байгууллагын зүгээс хэрхэн дэмжих тухай асуудал нарийвчлан туссан. Түүгээр зогсохгүй энэ хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ипотекийн зээлд хамруулах асуудал ч багтжээ. Агуулгаараа бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах,  сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, аятай тухтай орчинд амьдрах бүхий л бололцоог хангахыг эрмэлзсэн хууль юм байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг нэг өдрийн өмнө ч болов хангуулах шаардлага байгааг УИХ-ын гишүүдэд ойлгуулж өгөхийг хүсэв.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна