Аймгийн Алдарт уяач Д.Дагвадорж: Би гурав дахь үеийн уяач

2016 оны 2 сарын 16

Сэтгүүлч:
Завхан

Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Дагвадоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.  

-Удам дамжсан уяачдын нэг гэсэн. Молор эрдэнэ морио эрхэмлэгч дээдсийнхээ талаар яриач?
-Манай өвөө Базарваань уяач байсан юм гэнэ лээ. Би сайн мэдэхгүй. Аав болохоор хоёр хурдан саарал морьтой байгаад сүүлд халиун үрээ, хонгор морь, хээр азаргаар сайн наадсан. Ээжийн талд ч гэсэн сайн уяачид байсан. Би тэднийгээ залгамжлан 2001 оноос аавыгаа даган морь уяж байна. Анх уясан халиун үрээ даага шүдлэндээ Түдэвтэй, Сонгинод айрагдсан. Түүнийх нь дараа Монгол Улсын Алдарт уяач Аюурзана гуай авч Түдэвтэйд айрагдуулаад, аймагт түрүүлгэсэн байна лээ.

-Гараагаа муугүй л эхэлсэн юм байна?
-Ягаан саарал үрээ 2005 онд Нарангийн овооны тахилгад түрүүлээд, Түдэвтэйд болсон хүүхдийн байгууллагын ой болон Сонгино суманд айрагдсан. Бас нэг хонгор морь Сонгино болон Түдэвтэйн бооцоот уралдаанд түрүүлсэн. 2003 онд саарал азарга даагандаа Түдэвтэйн уяачдын холбооны нээлтийн уралдаанд айрагдаж, хязаалан хаврын уралдаанд айрагдаад Даш-Өлзий гуайн наадамд түрүүлсэн. Соёолон жилээ Түдэвтэйн хаврын бүсийн уралдаанд айрагдаад, “Түдэвтэйн хурд” МСУХ-ны 10 жилийн ойд зургаалсан.

-Хурдан хээрийнхээ талаар ярьсангүй. Хойд талын сумдаар их сайн давхисан гээд байсан даа?
-Миний унаган адуу л даа. Эцэг хээр азарга нь Түдэвтэй суманд хоёр айрагдаж, хоёр зургаалсан. Хээр морь Завхан аймгийн хойд бүсэд хоёр түрүүлж, нэг айрагдсан. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 80 болон Нөмрөг сумын 90 жилийн ойд мөн айрагдаж байлаа. Нөмрөгийн ойд найзынхаа хүрэн морийг бас айрагдуулсан. Ер нь миний хээр уралдсан болгондоо шахуу ордог адуу. Өнгөрсөн жил л гэхэд тав уралдаж гурав түрүүлж, хоёр айрагдлаа. Би өөрийнхөөсөө гадна ганц нэг найз нөхдийн морийг уядаг.

-Тэгээд хэр давхиж байна?
-Найдансүрэнгийн хүрэн азаргыг Түдэвтэйд хоёр жил түрүүлгэсэн. Батсүхийн хүрэн үрээг гурван жил дараалан айрагдуулж, Сонгино болон Сантмаргаз сумын бооцоот уралдаанд түрүүлгэлээ. Мөн Цогбадрахын хээр азаргыг уяж их сайн давхиулж байгаа.

-Хэдэн оноос гал уяаны системд орсон юм бэ?
-2012 онд Бямбацогт, Дагва бид нар “Хүлгийн хийморь” гал байгуулсан. Өнгөрсөн жил манай галынхан их сайхан наадаж, Дагвын хонгор даага Баянхайрхан болон Түдэвтэй суманд түрүүллээ. Бямбацогтын хээр үрээ Баянхайрхан болон Нөмрөг сумын наадамд түрүүлж, Түдэвтэйд айрагдсан. Миний хувьд аймгийн чанартай наадмаас хоёр түрүү, нэг айраг, сумын наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртээд байна. Энэ амжилтууд маань нэмэгдээд аймгийн Алдарт уяач болсон доо.

"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

ЭХ СУРВАЛЖ: www.todmagnai.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна