118 сайн малчин шинээр тодорлоо

2016 оны 2 сарын 16

Сэтгүүлч:
Төв

Билгийн тооллын сар шинийн баярыг монголчууд “Малчдын баяр” хэмээн нэрлэж, өвлийг өнтэй давж, урин хавартай золгосноо хүндлэн тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярын өмнө Монгол Улсын Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуйн яам хамтран “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний тариаланч”-ийг шалгаруулан шагнаж урамшуулдаг.

Энэ жил Монгол улс түүхэндээ хамгийн олон төл хүлээн авч нийт мал сүрэг маань 56 сая  болсон. Тэгвэл энэхүү өсөлтийг дагаад сайн малчдын тоо ч бас нэмэгдсэн. Энэ жилийн хувьд 118 малчныг “Улсын сайн малчин”-аар, гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулсан. Мөн тариалангийн салбарт гаргасан амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлж, ажлын амжилтаараа тэргүүлсэн 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор, 21 ногоочин, механикжуулагчийг “Улсын тэргүүний тариаланч”-аар тодруулсан билээ.

Гал бичин жилийн босгон дээр олон жилийн хүч хөдөлмөрөө үнэлүүлэн алдар гавьяа хүртсэн малчин эмэгтэйчүүдийн хувьд энэ жил их онцлогтой бас азтай. Учир нь  хөдөө аж ахуйн салбарыг анх удаа эмэгтэй сайд удирдсанаар малчин эмэгтэйчүүдийн цаг наргүй, хүчир ажлыг ойлгож “Улсын сайн малчин” хэмээх цол, тэмдгийг нөхрийнхөө хамт гардан авч байгаа. Энэ талаар ХХАА-н сайд Р.Бурмаа “Улсын сайн малчныг малаа өсгөсөн байдлаас гадна малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, туслах малчин ажиллуулсан, нийгэмд тустай ажил хийсэн зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг. Харин энэ бүхнийг өрхийн тэргүүн ганцаараа биш гэр бүл хамтаараа хийж бүтээсэн байдаг. Тиймээс цол, тэмдгийг эхнэр, нөхөрт хамтад нь өгөхөөр болсон” хэмээн ярилаа.

Сар шинийн өмнөхөн ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүс Дорнод, Төв аймагт ажиллаж, “Улсын сайн малчин”-ы эрхэм хүндтэй шагналыг нь гардуулан өгсөн юм.

Наран ургах Дорнод аймгаас энэ жил дөрвөн сайн малчин төрсөн. Тэдний нэг болох Дорнод аймгийн Баянтүмэн сумын малчин С.Сүхбаатар болон түүний гэргий Х.Мөнхтуяа нар 30-аад жил мал маллаж байгаа. Тэднийх  өнгөрсөн онд 1200 орчим толгой мал тоолуулсан бөгөөд “Баяндэлгэр”-ийн ямаа, барга хонь, сементал үүлдрийн үхэр гээд аймгийнхаа малын үүлдэр угсааг сайжруулах мөн нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлснээрээ  "Улсын сайн малчин” хэмээх хүндтэй шагналын эзэд болж чаджээ. Энэ үеэр шинэхэн сайн малчин Х.Мөнхтуяа “Малчны ажил  бол эхнэр, нөхөр хоёрын хамтын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн байдаг. Үүнийг засаг төрөөс ойлгож гэр бүлийн эхнэр, нөхөр хоёуланд цол, тэмдгийг олгож байгаа нь маш сайшаалтай юм. Ер нь бол мал маллахад тооноос илүү чанарыг эрхэмлэх хэрэгтэй. Мөн малчин хүн байгалийн давагдашгүй хүчин зүйлийг туулаад гарах сэтгэлийн их тэнхээтэй байх нь чухал” хэмээн ярьж байлаа. Түүнчлэн сумынхаа 15 өрх айлд 800 орчим толгой мал өгч малжуулаад байгаа бөгөөд малынхаа үүлдэр угсааг сайжруулж малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, вакцин болон даатгалд байнга хамруулж байх хэрэгтэй хэмээн тэдэнд захидаг тухайгаа малчин С.Сүхбаатар ярьж байлаа.  Энэ бол салбарын яамнаас баримтлах гол бодлого юм гэдгийг ХХАА-н сайд Р.Бурмаа энэ үеэр онцолж байсан юм.  Дорнод аймгаас төрсөн бас нэгэн "Улсын сайн малчин" бол Дашбалбар сумын малчин   С.Батцэрэнгийнх. Тэдний өвөлжөө УБ хотоос 810 км зайтай. Сүүлийн 36 жилийн турш мал аж ахуй эрхлэн байгаа тэд төл малаа хорогдолгүй хүлээн авч, малын сүргийн бүтэц чанарыг тогтмол сайжруулахын зэрэгцээ мал сүргээ эрүүлжүүлэх, халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ирсэн, “Эрүүл мал” эмнэлэгтэй гэрээтэй ажилладаг учраас мал сүрэгт нь халдварт өвчин гараагүй, малын зүй бус хорогдолгүй байгаа юм байна. Тэрбээр 1999 онд "Мянгат малчин", 2012 онд "Аймгийн сайн малчин"-аар шалгарч байсан бөгөөд 2015 онд 2289 толгой мал тоолуулжээ. Дашбалбар сум нь Мал эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран олон жилийн туршид ардын селекцийн аргаар үржүүлж ирсэн “Буриад” нутгийн хонины үржил, ашиг шимийн байдлыг судлан тогтоож, “омог” болгон баталгаажуулах ажлыг 2012-2015 оны хооронд явуулж, 2015 онд “ Буриад” хонины омгийг баталгаажуулж чадсан. Омог болгон баталгаажуулах ажлын хүрээнд буриад хонины цөм суурь нь С.Батцэрэн гуайнд байсан бөгөөд тэдний хонин сүргийн 70 гаруй буюу 1100 нь буриад омгийн хонь байгаа юм байна. Цаашид буриад омгийн хонийг түгээн дэлгэрүүлэх, цөм сүргийг бүрдүүлэх ажилд идэвх санаачлагатай ажилласаар байх болно гэдгээ Улсын сайн малчид хэлж байлаа.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна