УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэхгүй

2016 оны 2 сарын 17

Үндсэн хуулийн дунд шатны хуралдаан өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 15-нд хуралдаж, УИХ-аас батлагдсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль авч хэлэлцээд уг хуулийн 18 дугаар заалт нь  Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны тэмдэглэл олон нийтэд ил тод , маргалдагч тал хүсвэл цэцийн хуралдааны процессийг цаасаар болон дүрс, дугаар авч болохоор хулуь заасан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэцийн дунд суудлын хуралдаанаас үзсэн. Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн насыг 65-аар тогтоосон нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргажээ. Дунд суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ 15 хоногийн дотор багтаан хэлэлцэх ёстойг  цэцээс уламжилсан байна.

Мөн энэ сарын 22 буюу ирэх даваа гаригт Цэцийн их суудлын хуралдаан болно. Энэхүү хуралдаанаар УИХ-ын даргатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй юм байна. Иргэн н.Энхбаярын гомдлоор УИХ-ын даргатай холбоотой асуудал цэцээс маргаан үүсгэсэн бөгөөд хэзээ хэлэлцэх тов нь одоогоор гараагүй байгаа аж.

Харин ирэх даваа гаригт хуралдах Цэцийн их суудлын хуралдаанаар нэр бүхий иргэдээс  Үндсэн хуулийн цэцэд хандаж,  УИХ-аас  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр батлахдаа Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн мэдээллийг хэлэлцэх аж.

Өөрөөр хэлбэл,  цэц гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг Байнгын хороо, УИХ-ын чуулганд тайлбарлах Үндсэн хуулийн цэцийн  2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээлээ хэмээн нэр бүхий иргэдээс гаргасан мэдээллийг хэлэлцэх юм байна.

 Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна