Мазаалай бонд ба манай эх орончдын “гавъяа”

2016 оны 2 сарын 17

Эх орончид босч орилохын хэрээр эдийн засаг унадаг урвуу хамаарал нэгэнтээ тогтжээ. Үүнээс болоод эдийн засагт орж ирэхээр төлөвлөж байсан хичнээн тэрбум доллар Монголыг  тойроод гарсныг харамсалтай нь манай улстөрчид хийгээд бидний  хэн нь ч тооцоолж чадахгүй юм. Гурав, дөрөвхөн жилийн өмнө  дөрвөн тэрбум доллараар хэмжигдэж байсан хөрөнгө оруулалт 77 сая долларт хүртлээ буурсан нь манай эх орончдын “гавъяа”. Хөрөнгө оруулагчдаа хөөж, буу шийдмээр айлгаж гүйсний үр дүн. Цаашлаад ч бид хямралын хамгийн хүнд үетэй нүүр тулах болно.  Өнгөрсөн жилүүдэд дотоодын хэрүүл, тэмцэл, хулгай, худал эдийн засгаа хямраасан бол гадаад зах зээлээс хамааралтай ханиалга Монголын эдийн засагт хатгаа болон хүндэрч магадгүй байна.

Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дэх эрдэсийн үнийн уналт эмзэг байгаа эдийн засагт том дарамт авчирч болзошгүйг “эх орончдын” сонорт хүргэхэд гэмгүй ч биз.

Долларын ханш “Найман шарга” зах дээр 2023 төгрөгтэй тэнцсэнд  монголчууд төдийлөн гайхсангүй.  Болох л ёстой юм болж байгаа юм шигээр дээрээ ч доороо ч хүлээн авч байгаа нь эдийн засгийн хямралыг хаана, хаанаа хүлээн зөвшөөрчихжээ гэлтэй.

Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Монголын  Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр 800 сая долларын бонд гаргаж, олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалахаар төлөвлөж байсан төлөвлөгөө нуран унасан. Сар шинийн өмнөхөн Ерөнхий сайдыг огцруулах улс төр өрнөсөнтэй холбоотойгоор Монголын Засгийн газрын бондын хүү өссөнөөс болоод энэ ажил түр хойшлуулахаас өөр аргагүйд хүрснээ Сангийн сайд учирлаж сууна.

 Хоёр жилийн өмнө долларын ханш өслөө гэж жиргээчид төрийн ордон руу салаавч гаргаж, З.Энхболд дарга СЗХ-ныхныг дуудаж байцаасантай харьцуулах юм бол ханшийг өөрчлөлтийг цочмог хүлээж авдаг байсан монголчуудын цочроо хэдийнэ гарч, хувь тавилантайгаа аль эрт эвлэрсэн бололтой.

Яг үнэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд долларын “таргалсан”, төгрөгийн “турсан” яг тэнцэнэ.  Төгрөгийн ханш сулрахын хэрээр Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж үнэгүйдсээр. Цалин хөлс үнэгүйдэхийн хэрээр амьжиргааны төвшин буурсаар. Энэ бол эх орончдын чангаас чанга хашгирч гүйсний үр дүн. Иймээс л С.Ганбаатар нарын эх орончдыг популизмаа болиочээ л гэж Ерөнхий сайд нь гуйгаад байгаа хэрэг.

Бараг нэг их наядын алдагдал амссан төсвийн цоорхойгоо нөхөхийн тулд Монголын Засгийн газар мөнгөний эрэлд хатаж байна. Эрх баригчид энд тэндгүй явж, итгэлцэл, нөхөрлөлийн тухай ярих боловч, эх орончид нь эсрэгээрээ хийсэн бүхнийг нь ар хударгаар нь баллуурдсаар.  Хамгийн сүүлд гэхэд  Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Монголын  Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр 800 сая долларын бонд гаргаж, олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалахаар төлөвлөж байсан төлөвлөгөө нуран унасан. Сар шинийн өмнөхөн Ерөнхий сайдыг огцруулах улс төр өрнөсөнтэй холбоотойгоор Монголын Засгийн газрын бондын хүү өссөнөөс болоод энэ ажил түр хойшлуулахаас өөр аргагүйд хүрснээ Сангийн сайд учирлаж сууна. Түүний хэлснээр Ерөнхий сайдыг огцруулах улс төр өрнөхөөс өмнө найман хувийн хүүтэй гаргахаар төлөвлөж байсан Засгийн газрын бондын хүү 12 хувийн хүүтэй болж өссөнөөс болоод төсвийн алдагдлыг нөхөх гэсэн Б.Болорын төлөвлөгөө “будаа”.  Эрх баригчдын шантаажилсан улс төр нь хол явж гавихгүйг мэдсээр байж ингэж эдийн засгаа хорлох ямар ашигтай байсныг МАН-ынхнаас асуухад буруудахгүй байх. “Мазаалай” бондоо гаргаад 800 сая доллар олоод ирсэн бол дотоодын зах зээлд долларын ханш 2025 болтлоо өсөө ч үү, үгүй ч үү?

Энэ оны улсын төсвийг 3.4 хувийн алдагдалтай баталсан. Энэхүү алдагдал эдийн засагт томоохон дарамт болох нь тодорхой. Сангийн сайдын хэлснээр энэ жилдээ тэтгэвэр тэтгэмж цалин хөлсөө цагтаа олгоод явдаг юмаа гэхнээ төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд гацаж магадгүй нь бололтой. Энэ эх орончдын хүссэн эдийн засгийн үр дүн биш л байгаасай.

 Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна