Модон жорлон ба Монголын харанга

2016 оны 2 сарын 17

Жилийн бүрийн арваннэгдүгээр сарын 19-ныг “Дэлхийн 00” өдөр гэх боловч, монголчууд ач холбогдол өгөх нь бага. Уг нь хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ боловч тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй ‘бие засах газар” нь нийгэмд хичнээн чухал болохыг олон нийтэд таниулах өдөр юм гэсэн. Энэ өдрийг Сингапурт төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо /WTO –World Toilet Organization/ санаачлан 2001 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн байдаг. Харин  манай улсын хувьд  2011 оноос эхлэн таван жил тэмдэглэж байгаа нэртэй боловч,  гурван сая хүний олонх нь ил жорлон хэрэглэдэг, Улаанбаатарын хөрсний бохирдлын 90 хувь ил жорлонгоосоо үүдэлтэй хэвээрээ байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан нэгэн судалгаанд дурджээ.

Дэлхий дээр өнөөдөр 2,6 тэрбум хүн ариун цэврийн шаардлага хангасан  байгууламжгүй амьдарч буй гэх бөгөөд энэ тоонд мэдээж монголчууд  бидний дийлэнх нь лавтайяа багтсан биз.

Аюулын нэг дэх харанга

Улаанбаатар хот өвөлдөө утаандаа, зундаа үмхийдээ дарагдаад удаж байгаа билээ. Статистик судалгаанаас харахад нийслэлийн гэр хорооллын 180 мянга гаруй айл өрхийн 97 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй ил жорлон ашигладаг байна. Найдваргүй усан хангамж, эрүүл ахуйн нөхцөл байдал нь хүүхдийн хоол тэжээлийн дутагдалд хүргэхээс гадна , элдэв халдварт өвчнөөр өвчлөхөд хүргээд зогсохгүй нас баралтад хүргэдэг суулгалтын гол шалтгаан болдог аж. Улаанбаатар хотын хөрсөн дэх хар тугалгын дундаж хэмжээ 49.92мг.кг буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ  2.4 дахин, цайрын дундаж агууламж 145.9мг.кг буюу  зөвшөөрөгдсөн хэмжээнээс 1.2 дахин их гарсан гэх 2013 оны судалгаанаас хойш  нийслэлийн хөрсний бохирдлыг арилгах талаар дорвитой ажил хийгдээгүй өнөөдрийг хүрснийг , ил жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол нь  амь насанд заналхийлж байгааг  монголчууд бүгдээрээ мэдэж байгаа хэрнээ чимээгүй л яваад байх уу. 

Ил задгай жорлонгоос нь гадна нийслэлд ганцхан байдаг цэвэрлэх байгууламж нь ачааллаа даахгүй, Улаанбаатар өнөөдөр дэлхийн хамгийн том “жорлон” болчихоод буй  нь ч бас л чухал биш асуудал юм уу?

 Аюулын хоёр дахь харанга 

ЕБС, цэцэрлэгүүдийн бие засах, гар угаах ариун цэврийн байгууламж  Монголын хувьд тулгамдсан асуудлуудынх нь  нэг болсон.  Улаанбаатар хотын  цэцэрлэг, сургуулиудын хувьд   төвлөрсөн шугамд холбогдсон ч, нэг хүүхдэд ногдох суултуур, шээлтүүр, угаалтуурын хүрэлцээ хангамж стандартын шаардлагыг хангахгүй байгааг  Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн хэлж байна.  Олон улсын стандартад  нэг угаалтуураар 40, нэг сууртууртаар 30 хүүхэд “ үйлчлүүлэх” ёстойг заасан байдаг бол  Улаанбаатарын зарим сургуульд энэ стандарт нь нормоосоо хэд дахин давсан байдаг гэнэ. Хөдөө орон нутаг, аймгийн төв, сумын сургуулиудын ихэнх нь ил жорлонтой, хүн бие засах стандартын шаардлага хангахгүй байгаа нь хүүхдүүдийн эрүүл таатай орчинд сурч боловсроход сөргөөр нөлөөлж байгааг ч уг судалгаанд дурджээ.  Чухам иймээс л  өвлийн цагт бохир дээрээ халтирч унамаар, зуны цагт хамар сэтлэмээр үнэртэй модон жорлонг  “Монголын амьдрал” гэж эвлэрмээргүй, үүнд дасан зохицмооргүй байна.

Ялангуяа ил жорлонгоос болж хөдөө орон нутагт эмэгтэй хүүхдүүд хүчирхийлэлд өртөж болзошгүй байгааг ч энд сануулахад буруудахгүй биз.  Сургуулиудын бие засах газрыг сайжруулах шаардлага, хэрэгцээ маш их байдаг боловч сургуулийн зүгээс төсөв санхүү байхгүйн том зовлон байдаг.  Хөдөөгийн болон нийслэлийн захын хорооллуудад тулгарсан энэ бэрхшээлийг арилгахад орон нутгийн идэвх, төр засгийн багагүй дэмжлэг хэрэгтэй байгааг энд дурдахад илүүц биз.

 Модон жорлонгуудыг паалангаар сольё

 

Үмхий үнэртэй модон жорлонгоос яаж салах вэ. Эрүүл мэндэд заналхийлсэн, эрсдэл бүхий ил жорлонгоос “хагацах” боломж бий юу?

Сэтгэл байвал сэрээгээр ч газар хагална гэж үг бий. Монголын томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж чадвал асуудлыг шийдэх арга зам бийг “Мобиком”-ын эхлүүлсэн нэгэн төслөөс харж болно.

Дэлхий дахинаа компанийн нийгмийн хариуцлага (КНХ) гэх нэр томъёог хэрэглээд 30 гаруй жил болсон ч энэ ойлголт манайд ердөө эхлэл төдий гэхэд болно. Сүүлийн жилүүдэд Монголын компаниудын зүгээс энэ асуудалд анхаарах болсон хэдий ч гурил, будаа тарааж, хөгшид болон хүүхдийн асрамжийн газарт ганц  нэг удаа тусламж үзүүлснээ өөрсдийгөө нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах нь элбэг.  Хүүхдийн баяр, шинэ жилээр энэ “гажиг” илүү тод анзаарагддаг.  

Харин “Мобиком” корпораци хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиудад ашиглаж байгаа модон жорлонг халах төсөл нь хүүхэд багачуудыг эрүүл таатай орчинд сурч боловсроход томоохон хөрөнгө оруулалт болж буйг энд дурдах нь зөв болов уу. “WASH” буюу буюу “Ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж” төслийн хүрээнд  хөдөөгийн  сумуудын 22 сургуулийг  “паартай, паалантай жорлон”-гоор сольж, 15 мянган хүүхдэд буян үйлджээ. 2014 онд эхлүүлсэн энэ төслийг “Мобиком” корпораци анх эхлүүлэхдээ 70 хувийг нь өөрсдөөсөө санхүүжүүлсэн бол үлдсэн 30 хувийг нь “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас гаргасан байдаг.  Тэгвэл өнгөрсөн 2015 онд уг төслийг орон нутаг, Дэлхийн зөн, “Мобиком” корпораци гэсэн гурван тал тэгш оролцоотойгоор санхүүжүүлжээ. Энэ тоон үзүүлэлтээс харахад хөдөөгийн сургуулиудыг боловсон жорлонтой болгох талаар орон нутаг идэвхтэй хандах болсон нь сайшаалтай юм. Эндээс нэг дүгнэлт хийхэд энэхүү төслийг цаашдаа Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Засгийн газраас дэмжээд өгвөл хөдөөгийн сургуулиудын хүндрэл бэрхшээл,  цаашлаад хөрсний бохирдлын эх үүсвэр болсон ил жорлонгийн асуудлыг шийдэж болохоор байна.  Ялангуяа Улаанбаатарт аюулын харанга дэлдээд буй хөрсний бохирдлыг бууруулахад  “WASH” төслийн санааг ашиглахад буруудах юун.  Энэ төслийг хэн эхлүүлсэн нь чухал биш, хэчнээн хүнд үр дүнгээ өгч байгаа нь чухал. Иймээс төр засгаас энэхүү төслийг дэмжин нэгдэж, модон жорлонг халах аянг үргэжлүүлээснй билээ. Модон жорлон өнөөдөр Монголын харанга болчихоод байгаад төр засаг анхаарлаа хандуулна гэж найдъя.

 Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна