Долларын ханш буурах уу?

2016 оны 2 сарын 17

Доллартай харьцах төгрөгийн ханш өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн сулрах хандлагатайг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээллээ. Өнгөрсөн онд Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн ханш 12.4 хувиар суларч, нэг америк доллар 1995.8 төгрөгтэй тэнцсэн. Харин өнөөдрийн байдлаар америк долларын ханш  2025 төгрөгт хүрээд байгаа билээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ний нэг хувьтай гарсан, мөн Төв банкны албан нөөц багассан нь ам.долларын ханш чангарахад голлон нөлөөлсөн гэж шинжээчид хэлж байна. Өөрөөр хэлбэл эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог валютын ханш гадаадаас дотогш урсах урсгал татарснаас өссөн гэж хэлж болно. Ингэснээр төгрөгийн ханш түүхэнд байгаагүйгээр унаж эхэллээ. Нэгдүгээр сарын эцэст төгрөг, доллартай харьцах ханшийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар суларсан үзүүлэлтэй гарсан байх юм.

Монгол банкнаас нэг ам.доллартай тэнцэх төгрөгийг 2020 зарлажээ. Ийнхүү өссөн ам.долларын өсөлтийн суурь шалтгааныг өнгөрсөн 12 дугаар сард АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөн. Цаашид ч мөнгөний бодлогоо алгуур хатууруулах болзошгүй байгаа. Энэ нь ам.долларын ханшийг дэлхийн бусад валютын эсрэг чангарахад хамгийн их нөлөөлж буй.  Мөн дэлхийн томоохон худалдан авагч Хятад улсын эдийн засгийн өсөлт саарсан нь түүхий эдийн үнийн уналтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын зүг чигийг өөрчилсөн гэж Төв банк тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид ам.доллар руу хошуурч эхэлсэн. Энэ нь манайх шиг уул уурхайд суурилсан эдийн засагтай улсуудад гадаадын хөрөнгө оруулалтын хомсдол үүсгэж, ханшийн дарамт үүсгэх замаар нөлөөлж байна. Нөгөө талдаа жил бүрийн нэгдүгээр сард буюу Сар шинийн баярын өмнө ам.доллар болон юанийн эрэлт нэмэгддэг жамтай. Харин ч Хятад болон ОХУ, Казакстан, Венесуэлийн мөнгөн тэмдэгтүүдтэй харьцуулахад ам.долларын ханш харьцангуй тогтвортой байна гэсэн албан мэдээллийг Монгол банкнаас өглөө. Эдийн засагчдын зүгээс Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдаагүй нь  ам.долларын ханш ийнхүү өссөн хэвээр байх болно гэж үзэж байна.  Энэ оны улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөг байхаар тооцсон билээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна