Цэцийн даргыг маргааш “шүүнэ”

2016 оны 2 сарын 17

-Дээд шүүхийн ерөнхий шүүгч: Цэцийн дарга хууль зөрчсөн асуудлыг УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуулийн дагуу шийдвэрлэнэ үү. Манай зүгээс тусгайлсан саналгүй болохыг үүгээр уламжилж байна-

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 15-нд эхлүүлэхээр зарласан ч товлосон өдөр гишүүдийн ирц хүрсэнгүй. Чуулганы танхимд АН-ын 24 гишүүн, “Шударга ёс” эвслийн хоёр, ИЗНН-ын хоёр гишүүн бүтэн өдөржин МАН-ын бүлгийн гишүүдийг чуулганы танхимд орж ирэхийг шал дэмий хүлээн суусан ч эцэст нь тус намын бүлгийн дарга С.Бямбацогт “МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй, ҮХЦ-ийн даргыг хууль зөрчин чөлөөлөхийг эсэргүүцэж байна” хэмээн мэдэгдсэнээр ээлжит бус чуулганы нээлт хойшилсон. МАН-ын бүлгээс хэлэлцэж буй асуудлаар авсан хоёр дахь удаагийн завсарлагын хугацаа энэ өдөр дууссан тул тэдэнд чуулганы хуралдааныг ирцээр нь бойкотлохоос өөр арга байсангүй. Харин энэ хооронд Үндсэн хуулийн Цэц дунд суудлаараа хуралдаж, өнгөрөгч нэгдүгээр сарын 19-нд УИХ-аар баталсан Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн талаарх дүгнэлтээ гаргаж амжив. УИХ-ын гишүүд Цэцийн даргыг чөлөөлөхөөр ирцээ бүрдүүлэх гэж чардайж байх зуурт Цэцийн дунд суудал УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчгүйгээр хуралдав.

Үндсэн хуулийн Цэцээс нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-ын даргад ирүүлсэн “УИХ-аас батлан гаргасан хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэсэн тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлнэ үү?” гэсэн бичигт Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “УИХ-ын баталсан хуулиудын эцсийн найруулгыг хийж ёсчлоогүй, Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуульд хориг тавих хугацаа дуусаагүй, шинээр баталсан хуулиудыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад ҮХЦ нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул уг асуудлаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй” гэдэг хариултыг өгсөн байна. ҮХЦ-ийг өөрсдийнх нь хэлсэн шүүмжлэлийг дагуулан тонгорсон хэрэг л дээ. Цэцийн дарга Ж.Амарсанаагийн хамгийн анх хийсэн мэдэгдэл нь “УИХ хүчин төгөлдөр болоогүй хууль хэрэглэж шийдвэр гаргах гээд байна” гэдэг мэдэгдэл. Харин өөрсдөө хүчин төгөлдөр болоогүй хуулиар маргаан үүсгээд, түүнийгээ хэлэлцэж дүгнэлт гаргаад явчихлаа л даа. Энэ хэвээрээ үргэлжилбэл нөгөө “тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу” гэдэг эцэс төгсгөлгүй маргаан луу ороод живэх биз...

Өөдөө хаясан чулуу

УИХ өнгөрөгч нэгдүгээр сард Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Цэцийн гишүүний бүрэн эрх зургаан жилийн хугацаатай байх, зөвхөн нэг удаа улираан томилох”-оор, “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан хөдөлмөрийн насны дээд хязгаарт /65/ хүрвэл албан тушаалаас нь чөлөөлөх, мөн хууль зөрчсөнийг нь эрх бүхий байгууллага тогтоовол, эсвэл гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол эгүүлэн татах”-аар хуульчилсан. Гэвч ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар хуулийн зарим заалтыг “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн үзэж 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс үйлчлэлийг нь түдгэлзүүлэхээр боллоо. “Зөвхөн нэг удаа улираан томилох” гэсэн нь Үндсэн хуульд тавиагүй хязгаарыг оруулж ирснээрээ Цэцийн гишүүний хуулиар тогтоосон хараат бус байдлын баталгааг үгүй хийсэн, “Хууль зөрчсөнийг эрх бүхий байгууллага тогтоовол” гэсэн нь Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийг хөндсөн гэж үзсэн байна. Харин Цэцийн гишүүний тэтгэврийн насны тухайд “Үндсэн хууль зөрчөөгүй” гэж үзсэн боловч “Хуулийн энэ заалтыг 2016 оны нэгдүгээр сарын 19-нөөс өмнө Цэцийн гишүүнээр сонгогдсон хүмүүст эргэж хэрэглэхгүй болохыг дурьдсугай” гэжээ. Дүгнэлтийн зөвхөн энэ хэсэг гэхэд нэлээд олон ялгаатай үр дагаврыг авчирах нь байна.

Нэгдүгээрт, хэрвээ УИХ уг дүгнэлтийг энэ хэвээр нь хүлээж авбал ҮХЦ-ийн гишүүд өмнөх шигээ 10-20 жилээр үргэлжлэн суух юм байна. Ингэснээр Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна гэсэн хуулийн заалт утгаа алдаж, бүх насаар нь томилсноос ялгаагүй болох нь. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил гэдэг л дээ, 4-5 удаа дараалан сонгогдоод хорь гаран жил ээлж халаагүй суучихсан нөхөд ч бий. Гэхдээ энэ бол яалт ч гүй “сонгогчдын” буюу ард түмний өөрсдийнх нь сонголтоор, тодорхой шалгуур туулаад гаргаад ирчихсэн улс, яалтай вэ. Харин Цэц гэдэг юу билээ. Нэг байгууллага санал болгож нэр дэвшүүлээд нөгөө байгууллага нь томилдог тийм л бүтэц. Хэний ч өмнө амлалт өгч, үүрэг хариуцлага хүлээдэггүй. Одоо бүр томилоод явуулсан байгууллага нь ч хариуцлага ярьж чадахаа байчихаад толгойгоо шааж яваа тийм л байгууллага. Аргаа ядаад “хугацааг нь жаахан богиносгож толгойд нь салхи оруулахгүй бол бүтэхгүй нь ээ” л гэж байна.

Хоёрдугаарт, Цэц “Цэцийн гишүүн хууль зөрчсөнийг эрх бүхий байгууллага тогтоовол хугацаанаас нь өмнө чөлөөлнө” гэдэг хуулийн заалтыг түдгэлзүүлснээр Ж.Амарсанаа гэдэг хүнийг суудлаас нь буулгахад харин ч хялбар болж байх шиг байна, УИХ-ын хувьд. Өмнө үйлчилж байсан Цэцийн тухай хуульд “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн, эсвэл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татахаар” байсныг сая оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “хууль зөрчсөнийг эрх бүхий байгууллага тогтоовол, эсвэл гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол” хэмээн өөрчилсөн байдаг. Үндсэн хуулийн Цэц нэгэнт хууль тогтооох эрхгүй, дээр нь шинээр баталсан хуулийн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлчихсэн учраас өмнөх, болон шинээр баталсан хоёр хуулийн үйлчлэл хоёулаа зогссон гэсэн үг. Тиймээс УИХ зөвхөн Үндсэн хуулийн 64.4 “Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татна” дан ганц “шалдан” заалтыг үндэслээд суудлаас нь буулгачих юм байна. МАН-ын гишүүдийн эсэргүүцээд байсан “хууль зөрчиж чөлөөлөх” тухай маргаан байхгүй, Үндсэн хуульд “хууль зөрчвөл” гэдэг нэг л утга байгаа. Тэгээд ч Ж.Амарсанаа л өөрөө андуу ташаа яриад яваагаас биш Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг “Цэцийн дарга хууль зөрчсөн асуудлыг УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуулийн дагуу шийдвэрлэнэ үү. Манай зүгээс тусгайлсан саналгүй болохыг үүгээр уламжилж байна” гээд цагаан дээр хараар биччихсэн юм билээ.

Гуравдугаарт, Үндсэн хуулийн Цэц “Цэцийн гишүүн Төрийн албаны хуулиар тэтгэвэртээ гарах нь Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэсэн мөртлөө “Энэ удаа ажиллаж байгаа хүмүүст наад хууль чинь хамаарахгүй шүү” гэдэг нь яг юу гэсэн үг вэ. Сонирхлын зөрчил гэх үү, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үү? Бидэнд наад хууль чинь үйлчлэхгүй, биднээс хойш л хэрэгжүүлээрэй гэдэг тийм төрийн албан хаагч байдаг уу? Яг ийм тайлбар бүхий хуулийг УИХ баталдаг л даа. Жишээ нь, Өршөөлийн хуулийг батлахдаа “Хууль баталсан энэ өдрөөс хойш гэмт хэрэг хийсэн хүмүүст энэ хууль үйлчлэхгүй шүү” гэж хийдэг. Бид өмнө хийсэн хэргийг чинь өршөөлөө, харин ирээдүйд хийх хэргийг чинь өршөөхгүй гэж байгаа юм. Харин Цэцэд тэгж хууль тогтоодог, хууль тайлбарладаг эрх байхгүй. Хэрэв шаардлагатай гэвэл Дээд шүүхээсээ асуугаад, тайлбар гарлуулаад явна биз. “Бидний гурван хүн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тэтгэвэртээ гарах нь ээ. Энэ нь Үндсэн хууль зөрчөөгүй боловч бидэнд хохиролтой байна аа. Энэ хуулийг яаж хэрэглэх нь зөв бэ гээд. Үндсэн хуулиас бусад хуулийг хэрхэн хэрэглэх талаар тайлбарлах эрх нь тэнд бий. Харин Цэц бол Үндсэн хуулийг тайлбарлах биш, дагаж мөрдүүлдэг байгууллага. Дахиад нэг маргаан!

Цэцэд нууц бий юу?

Үндсэн хуульд маргаан үүсгэдэг асуудлын хүрээ болон оролцдог субьект нь хэн бэ гэдгээс л үүний хариултыг амархаан олчихож болно. Иргэд мэдээллээ гаргаж өгөөд “УИХ-ын баталсан энэ хууль, ийм тогтоол, Ерөнхийлөгчийн тэр зарлиг Үндсэн хуультай харшилж байх тул шалгаж өгнө үү” гэдэг. Үүнийг нь Цэц нээлттэй авч хэлэлцдэг. Тэнд ямар нэг хувь хүн, албан байгууллага, эсвэл төрийн нууц асуудлыг ярьдаггүй. Зөвхөн хууль, шийдвэрийн маргаан. Тийм байтал “хуралдааны тэмдэглэл байгууллагын нууц” гэдэг нь ямар учир байна?

Тиймээс өнгөрөгч сард Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “Цэцийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байна” гэсэн Үндсэн хуулийн зарчимд нийцүүлээд “Хуралдааны тэмдэглэл нээлттэй, ил тод байна. Хүсэлт гаргасан иргэн болон маргалдагч талуудад хуралдааны тэмдэглэлийг бичмэл болон аудио, видео хэлбэрээр гаргаж өгнө. Олонхийн саналтай Цэцийн гишүүн тусгай санал бичвэл түүнийг нь хуралдааны тэмдэглэлд хавсаргана” гэж хуульчилсан. Харин Үндсэн хуулийн Цэц хуулийн эдгээр заалтыг “Цэцийн гишүүний хараат бус байдалд халдсан” гэж үзээд үйлчлэлийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ. Тэгж ярьвал өмнө үйлчилж байсан, ҮХЦ-ийн өөрсдийнх нь боловсруулж УИХ-аар батлуулсан Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд “Хуралдааны тэмдэглэл байгууллагын нууцад хамаарна” гэсэн нь харин ч Үндсэн хуулийнхаа зарчмаас гажсан хэрэг биш үү?

Ийм л маргаан УИХ болоод Үндсэн хуулийн Цэцийн хооронд өрнөөд удаж байна. ҮХЦ-ийн дунд суудал дүгнэлтээ гаргачихлаа. Үүнийг нь УИХ 14 хоногийн дотор авч хэлэлцэх ёстой. Харин маргаан УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Цэцийн даргыг “хууль зөрчиж, албан тушаалаа урвуулсан” буюу Үндсэн хуулийн дунд суудал дүгнэлтгээ гаргаагүй асуудлаар Цэцийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх рүү “хуулийн хэрэгжүүлэхгүй байх” талаар анхааруулга, зааварчилгаа явуулсных нь төлөө албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.    

 Б.СЭМҮҮН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна