Ж.Батзандан: Нийтийн эрх ашиг зөрчигдвөл захиргааны шүүх эрх зүйн хамгаалал үзүүлнэ

2016 оны 2 сарын 17

Иргэн, хуулийн этгээд захиргааны ямар нэгэн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлэх боломжийг олгодог Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль УИХ-аар шинэчлэгдэн батлагдсан. Тус хуулийн ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Ж.Батзандантай хуулийн ач холбогдол, шинэлэг зохицуулалтын талаар ярилцлаа.

 

2002 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Энэ хууль нийгэмд ач холбогдлоо өгсөн. Тэгвэл энэ хуулийг ямар учраас шинэчлэн батлах болсон бэ? Хэрэгцээ шаардлага нь юунд байсан бэ?

 

2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уг хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэж байсан.

 

Монгол Улсад захиргааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаад 14 жил, Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхлээд 12 жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас иргэд, хуулийн этгээд өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд хандах соёл бий болж, Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд чухал алхам болсон билээ. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилтийн явцад тодорхой хүндрэл, бэрхшээл үүсч, шийдвэрлэвэл зохих асуудал хуримтлагдсан талаар төсөл санаачлагчид, судлаачид эрдэмтэд, мэргэжлийн байгууллагынхан олонтаа хэлдэг. Нөгөө талаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа журамласан материаллаг зохицуулалт агуулсан хууль үгүйлэгдэж байсан юм.

 

Та Захиргааны ерөнхий хуулийг хэлж байна уу?

 

Тиймээ. Төрийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан ерөнхий материаллаг хууль Монгол Улсад батлагдаагүй олон жил төслийн хэмжээнд яригдаж ирсэн бөгөөд энэ парламентын үед биеллээ олж 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар 250 гаруй салбар хуулиудын нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан, захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх суурь хууль буюу “Захиргааны ерөнхий хууль”-ийг баталсан болно. Энэ хуулийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болоод байна. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийг шүүхээс хэрэглэх, хууль зөрчсөн аливаа маргааныг хянан шийдвэрлэх процесс ажиллагааг журамласан хуулийг шинэчлэн батлах зайлшгүй шаардлага үүссэн юм.

 

Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 61 дүгээр тогтоолын 1.1-д “Захиргааны ерөнхий хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх болон давхардал, зөрчлийг арилгах, уялдуулах үүднээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг.

 

Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан захиргааны шүүхийн хяналтын хүрээг нэмэгдүүлэх, хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт тохирсон зохицуулалтыг шинээр  хуульчлах зэрэг зайлшгүй шаардлагын үүднээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулан  Засгийн газраас өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн нэгдсэн чуулганаар баталлаа.

 

Энэ хууль батлагдсаны гол ач холбогдол, шинэлэг зохицуулалтын талаар та ямар зүйл хэлэх вэ?

 

Энэ хуулийн ач холбогдол, шинэлэг зохицуулалтыг талаар маш олон зүйлийг ярьж болно. Ярилцлагын цаг хугацаандаа тааруулаад зарчмын шинжтэй цөөн хэдэн зохицуулалтыг хэлье. Тухайлбал, Захиргааны байгууллагын үйл ажиллагааг нарийвчлан журамласан суурь хууль буюу Захиргааны ерөнхий хууль хэрэгжих үндэс бий боллоо.

 

Мөн захиргааны хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой, шуурхай, үнэн зөв явагдах, шударга ёс баталгаажих нөхцөл бүрдэж байна гэж ойлгож болно.

 

Түүнчлэн захиргааны хэргийн харьяаллыг жагсаалтын журмаар хязгаарлаж хуульчилсан байсныг өргөтгөж ерөнхий заалтын зарчмыг суулгаж өгсөн, мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулиас иш татсан байдлыг халсан, нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх боломжийг бүрдүүлсэн болон зарим онцлог төрлийн маргааныг түргэсгэх, хялбаршуулах байдлаар шийдвэрлэх гэх зэрэг чухал ач холбогдолтой олон шинэлэг зохицуулалтууд энэхүү хуулинд орсон байгаа.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нийтийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд шүүхэд хандах боломжийг бүрдүүлсэн гэлээ, энэ талаараа тодруулна уу?

 

Зарчмын шинжтэй чухал ач холбогдолтой шинэлэг нэг зохицуулалт бол таны асуусан зүйл л дээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь уул уурхай, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдээс үүдэлтэйгээр нүүдлийн соёл иргэншил, хүрээлэн буй орчин, бэлчээр, ундны цэвэр ус зэрэг нийтийн эрх ашигт тулгарч буй асуудал ихэссэнтэй шууд холбоотой юм. Мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс “Нийтийн ашиг сонирхлыг иргэний нийгмийн байгууллагуудад төлөөлөн нэхэмжлэх асуудлыг хуульчлах” тухай зөвлөмжийг удаа дараа өгсөн байдаг.

 

Дээрх шаардлагын үүднээс энэхүү хуулиар нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх эрх зүйн үндсийг хуульчилж өгсөн.

 

Товчоор дүгнэж хэлэхэд нийтийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд захиргааны хэргийн шүүх эрх зүйн хамгаалал үзүүлэх тогтолцоог бүрэлдүүлж өгсөнд энэ хуулийн гол ач холбогдол нь оршиж байгаа юм.

 

Сонгуулийн маргаан, тендерийн маргаан зэрэгт цаг хугацаа их ордог, сунжирдаг тал байсан шүү дээ. Энэ харилцаа хэрхэн зохицуулагдсан бол?

 

Захиргааны хэргийн шүүхийн харьяалал болон хэрэг хянан шийдвэрлэх хугацааг захиргааны үйл ажиллагааны хэлбэрийн буюу маргааны онцлогоос хамааруулан тусгайлан журамласан юм. Тухайлбал, улсын хэмжээнд үйлчлэх хэм хэмжээ тогтоосон акт, аймаг хоорондын болон аймаг, нийслэлийн хооронд үүссэн маргаан, сонгуулийн маргаан зэрэг зарим төрлийн онцлог маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэдэг тогтолцоог бүрдүүлэхээр зохицуулсан. Түүнчлэн орон нутгийн сонгуулийн маргаан болон худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг богиносгосон хугацаанд хянан шийдвэрлэхээр тусгасан байгаа. Хуульд энэ төрлийн маргааныг 30 хоногийн дотор шийдвэрлэх ба хугацааг сунгахгүй байхаар зохицуулж өгсөн.

 

Олон шинэлэг зохицуулалтууд энэ хуульд тусгагджээ. Дурдагдаагүй өнгөрсөн зүйлүүд байгаа болов уу?

 

Энэ хууль шударга ёс баталгаажих, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой, шуурхай, үнэн зөв явагдах нөхцөлийг бүрдүүлсэн гэж дээр хэлсэн мөн иргэдэд ээлтэй, боломж олгосон, хүнд суртлыг арилгасан олон  зохицуулалтыг бид энэ хуульд шинээр оруулсан байгаа.

 

Түүнчлэн хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримт хасуулах, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэх зэрэг хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэдэг болсон юм. Бас хууль зөрчигчдөд хүлээлгэх хариpуцлагын асуудлыг шинээр тусгаж шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, хариу тайлбар ирүүлээгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын асуудлыг багтаасан болно.

 

Мөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх, үүргийг боловсронгуй болгож, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжийг нь нэмэгдүүлсэн нь иргэд хууль зүйн туслалцаа авах эрхээ бүрэн утгаар нь эдлэх боломжийг нээсэн зэргийг энд хэлэх байна.

 

Эцэст нь дээрх хуулиуд нь санал өгсөн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг, дэд хэсэгт орж ажилласан эрдэмтэн судлаачид, шүүгчид, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яамны ажилтнуудын олон жилийн судалгаа, нөр их хөдөлмөрийн үр дүнд батлагдсан гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсч байна.

 

Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

2016.02.17