Мобиком корпораци 4G LTE үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлөө гардан авлаа

2016 оны 2 сарын 17

Улаанбаатар хот, 2016 оны 02 дугаар сарын 17 – Өнөөдөр Монголын үүрэн холбооны ууган бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци хэрэглэгчдэдээ 4G LTE үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлөө Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос гардан авсныг нийт хэрэглэгчдэдээ мэдэгдэхэд таатай байна.

Монголчууд бидний харилцаа холбооны хэрэгцээ, шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд энэхүү тасралтгүй өсөж буй хэрэгцээг хангахын тулд Мобиком Корпораци дэлхийн стандартад нийцсэн 4G LTE технологид суурилсан хамгийн өндөр хурдны гар утасны дата үйлчилгээг үзүүлэх бололцоотой боллоо.

4G LTE технологийн ачаар хэрэглэгчид маань олон төрлийн өндөр чанартай дижитал контент, аппликэйшнуудыг бүрэн ашиглах боломжтой ба бизнесийн байгууллагууд маань үйл ажиллагаагаа үр ашигтай явуулах өргөн боломж нээгдэх юм. Үүнээс гадна уг шинэ технологийн тусламжтайгаар Мобиком Корпораци төр, хувийн хэвшлийн түншлэлд үндэслэн төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах болно. Хүн ам нь өргөн уудам нутагт тархан суурьшсан Монгол Улсын хувьд төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэхэд цахим үйлчилгээний тогтолцоо асар их ач холбогдолтой билээ.

Монголын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын тэргүүлэгч гэдэг утгаараа Мобиком Корпораци 4G LTE үйлчилгээг 2016 оны 2 дугаар улирлаас эхлэн хэрэглэгчдэдээ хүргэх болсондоо нэн баяртай байна. Хамгийн эхэнд Улаанбаатар хотод нэвтрүүлэх бөгөөд 2017 онд бусад хот, аймгуудын төвд нэвтрүүлэх болно. Уг технологийг нэвтрүүлэх нь дан ганц харилцаа холбооны салбарт үр өгөөжөө өгөөд зогсохгүй дэд бүтэц, инженерчлэл, барилгын салбарт шинэ ажлын байр бий болгох ач холбогдолтой. Цаашлаад контентын бизнес эрхлэгчдээс авахуулаад томоохон байгууллагын харилцагчдад хүртэл илүү олон боломж, шинэ ажлын байруудыг бий болгох болно.

Монголын үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч оператор компаниудад 4G LTE үйлчилгээг нэвтрүүлэх зөвшөөрөл олгосноор улс орны эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна