2015 оны хамгийн зоригтой шийдэл бүхий 7 кино

2016 оны 2 сарын 17

Indiewire цахим хуудаснаас өнгөрсөн онд дэлхийн кино урлагт хийгдсэн хамгийн зоригтой шийдэл бүхий долоон киног нэрлэжээ. Тус жагсаалтад багтсан “Омог” (Tribe) кино Алтан хальс холбооны долоо хоног тутмын “Dreamer’s Day” кино үзвэрээр, “Цагаан бурхан” (White God), “Такси” (Taxi) кинонууд “Улаанбаатар олон улсын кино наадам”-аар түрүү онд тус тус монгол үзэгчдийн хүртээл болсон бол,“Үхлээс амилагч” (The Revenant) кино өнгөрсөн долоо хоногт манай кинотеатруудад албан ёсоор нээлтээ хийжээ.

Кино хэмээх нүсэр урлагт шинийг туршина, зоригтой шийдлүүдийг эрэлхийлнэ гэдэг хэзээд амаргүй сонголт, яггүй эрсдэл. Гэвч цаг үе болгонд ийм зоригтнууд, эрэлхийлэгчид байсны үрээр урлагийн хязгаар тэлж, илэрхийллийн боломжууд нэмэгдэж байдаг билээ. 2015 оны дэлхийн кино урлаг ийм  эрэлхийллүүдээр дүүрэн байв. Ингээд түрүү онд хийгдсэн хамгийн зоригтой шийдэл бүхий 7 киног онцлон хүргэж байна.

1.Омог (The Tribe)

Украины кино найруулагч Мирослав Слабошпицький хэлгүй, дүлий хүүхдүүдийн тусгай сургуульд сурдаг өсвөр насныханы тухай өгүүлэх “Омог” киногоо хадмал хөрвүүлэг, хоолойн хүүрнэл ашиглалгүй дүр хоорондын харилцан яриаг дан ганц дохионы хэлээр илэрхийлсэн нь туйлын зоригтой алхам байв. Найруулагч өөрөө дохионы хэл мэддэггүй тул жүжигчидтэйгээ дохионы хэл мэддэг хөрвүүлэгчээр дамжуулан харилцаж байжээ.

Сергей хүүгийн шинээр шилжин орсон хэлгүй, дүүлий хүүхдүүдийн тусгай сургуульд хулгай дээрэм, биеэ үнэлэлт зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ явагддаг болж таарна. Сергей сайх сүлжээнд нэгдэж, улмаар Яна хэмээх биеэ үнэлэгч охинд дурласнаар аюулыг улам хурцатгаж орхино. Дохионы хэл мэддэггүй үзэгчид түгшүүртэй, харгиа уур амьсгал, үйл явдал, дүрүүдийн сэтгэл хөдлөл, биеийн хэлэмж, царайны хувирал зэргээс “харилцан яриатай” ямар ч киноноос илүүтэйгээр сайх бүтээлийг мэдрэх боломжтой.

“Омог” кино Каннын кино наадмын “Шүүмжлэгчдийн долоо хоног” хэсгээс дээд шагналыг хүртсэн аж.

2.Викториа (Victoria)

Нэг удаагийн тасралтгүй зураг авалтаар 140 минутын кино хийсэн гэвэл та төсөөлөх үү? Германы найруулагч Себастиан Шиппер “Викториа” киногоороо энэ төсөөллийг бодит байдал болгосон нь 2015 оны кино урлагт хийгдсэн хамгийн санаанд багтамгүй зоригтой шийдлүүдийн нэг байв. Ганцхан удаагийн зураг авалтаар киног гүйцээнэ гэдэг найруулагч, зураглаач, жүжигчдэд нэн амаргүй сонголт. Кинонд сонгож авсан зураг авалтын энэхүү арга барилаас үүдээд 140 минутын турш зогсолтгүй жүжиглэх учиртай жүжигчдийн тоглолт гайхмаар бодитой, зөнгөөрөө өрнөжээ. Берлин хотын 22 өөр байрлалд шилжиж зураг авч байхад жүжигчид нэг л алдаа гаргах аваас ганц сцений зураг авалт бус кино бүхэлдээ ахин эхлэх учиртай тул 12 хуудас кино зохиолыг гол дүрийн жүжигчид эгээ л өөрсдийн амьдралыг тоглож буй мэт өөриймшүүлэх, мөн зураг авалтын явцад хувиргаж, өөрчлөх шаардлагатай тулжээ. Киног үзсэн хэн ч жүжигчдийн гайхалтай тоглолтыг бишрэх биз ээ.

үргэлжлэл: tegsheemoviecorner.wordpress.com

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна