АТГ-аас илгээсэн бичиг ЗГ-т ирээгүй гэв

2016 оны 2 сарын 17

Шадар сайдад нэр дэвшсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаар Засгийн газар Авлигатай тэмцэх газарт хандан мэдээлэл авахаар хүргүүлсэн байсан бөгөөд хариуг нь өчигдөр хүргүүлсэн талаар албан ёсоор мэдээлсэн. Эх сурвалжуудаас өгч буй мэдээллээр Авлигатай тэмцэх газраас Засгийн газарт хүргүүлсэн бичигт МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй байгааг дурдсан тухай онцолж буй. Мөн илгээсэн албан бичиг нь Авлигатай тэмцэх газрын хэвлэлийнхэнд ирүүлсэн мэдээллээс илүү дэлгэрэнгүй байсан тухай хэлж буй. Энэ талаар бид Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгоос тодруулахад “Одоогоор Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Авлигатай тэмцэх газрын хүргүүлсэн гэх бичиг ирээгүй байна. Тэр бичиг нисээд ирэхгүй биз дээ” гэх тайлбар өглөө. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуулийн зөвлөх н.Мөнх-Эрдэнэ “Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаяр даргатай холбоотой тайлбар ирүүлээгүй байгаа” гэсэн хариулт өгөв.

Харин Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа “Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирүүлсэн албан бичгийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хариулт өгөх боломжтой” гэсэн тайлбар хийсэн юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт одоогоор өрөөндөө ирээгүй байна.

Онцлоход, дээрх асуудалтай холбогдуулж Авлигатай тэмцэх газар дараах мэдээллийг хийгээд байгаа. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг юм. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ХЭГ/220 тоот бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд, хариуг 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв гэж мэдээлсэн юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна