“Оюутан цэрэг” хөтөлбөр орон нутагт хэрэгжинэ

2016 оны 2 сарын 17

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Анхны жил буюу 2014 онд 418, 2015 онд 995 оюутан хамрагдсан бол энэ жил 1000 орчим оюутан хамруулахаар болжээ.

Энэ жилийн "Оюутан цэрэг" хөтөлбөр нийслэлээс гадна Ховд, Дорнод аймагт ч мөн хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах юм байна. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан ирэх гуравдугаар сарын нэгнээс эхлэн бүртгэх юм байна. Харин хөтөлбөрийн албан ёсны нээлт гуравдугаар сарын 10-нд болох аж.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна