Сайханд тэмүүлэх самуурлын сезон

2016 оны 2 сарын 17

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 10. Цагаан сарын дараа мах, боовоо голдуу иддэг учраас талхны борлуулалт буурдаг. Үүнтэй уялдуулаад үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулдаг гэж талх, нарийн боов үйлдвэрлэгчид хэлж байна. Хүнсний захынхан ч хэсэгтээ худалдан авалт буурдаг учраас бараа таталтаа багасгадаг гэнэ. Сар шинийн өмнө зөрөх зайгүй болтлоо олны хөлд дарагдаад байсан дэлгүүр, захуудын хөл хөдөлгөөн энэ өдрүүдэд эрс татарчээ. Эсрэгээрээ сүм хийдүүд хөлд дарагджээ. Хэн нь ч зохиосон юм бүү мэд. Шинийн 15 хүртэл жилийн заслаа хийлгэвэл сайн гэх тогтсон жишгээрээ бүгд л сүм, хийдийг бараадаж байна. Шинийн наймны дотор хийлгэвэл бүр сайн гэж гүн бат итгэсэн нэгэн нь өнгөрсөн долоо хоногт өдөржин дугаарлаад ч хамаагүй зогсож байгаад жилийнхээ замыг засуулжээ.

Одоо тэд сэтгэл өөдрөг, санаа амар яваа. Харин үлдсэн нь өнгөрсөн өдрүүдэд амжиж хийлгэх гээд ажлаасаа чөлөө авч, өгөхгүй бол таслаад ч хамаагүй яваа нь илт.

Хүн, мал, хүүхэд, хүмүүнлэг, энэрэнгүйн төлөө энэ өдрүүдэд бүгд л өөр өөрсдийнхөөрөө залбирч суугаа. Гэлээ гээд гэмт хэрэг буурдаггүй. Харин ч хүний ёсноос гажууд хэрэг гаарч, хэрэг хийсэн нэгнийг амийг нь егүүтгэж, алж талахыг уриалагчид олширсоор буй нь хачирхалтай.

Монголчууд аливаад мухар, бохир, мулгуу, зулгуй байдлаар ханддаг болоод уджээ. Сар гарахаар хэтэвчээ гаргаж мөнгө гуйдаг байснаа арай итгэл үнэмшилгүй болохоор мах цусан биеийг олж төрсөн Сарандаваа гэгч хүн дээр очоод зүв зүгээр сууж байгаад баяжихын дон тусагчид олширсон нь сонин юм.

Ажил олдохгүй бол олохын төлөө өшөө олон газрын хаалгыг татахын оронд Ганданд очиж хийморио сэргээгчид хэчнээн олон болсныг хэн ч гаргаж үзээгүй болов уу.

Энэ ялзралд нийгмийн дээд түвшнээс эхлээд доод түвшиндээ ялгаагүй гүн идэгдсэн.   

Мөнгө олох. Мөрөөдөл биелэх гэдгийг хөдөлмөрлөх, зөв зохион байгуулалт гэхээс илүүтэй далдын хүчинд даатгадгаас хэн дуртай нь тэрхүү гэнэн сэтгэхүйгээр нь хөрөнгөжиж байна. Тэднийг буруутгах аргагүй. Харин ч тэд олны тархийг угаахын тулд өөрсдийн гэсэн дүрэм, худлаа ч гэлээ онол гаргаж ирэхийн төлөө хөдөлмөрлөж байна. Хөдөлмөрлөсөн учраас үр шимээ хүртээд байна. Эрэл байгаа тохиолдолд нийлүүлэлт байдаг. Огт хэрэггүй гэж бодсон зүйлээ хэн ч авдаггүй нь бас л жам. 

Алдсан, бодсон, мөрөөдсөн. Дахиад алдсан. Алдаа дээрээ суралцахын оронд авралын бурхан хайн дахиад л хэн нэгэнд асуудлаа даатгадаг. Тэгээд дахиад алддаг. Ийм гинжин урвалд бидний амьдрал өрнөж байна.

Дахиад алдахгүйн тулд, амьдралаа өөд нь татахын тулд өчигдрөөс өнөөдөрт, өнөөдрөөс маргаашид суралцахын оронд өргөл барьцаа зээлээр хамаагүй нэмэгдүүлээд заслаа хийлгэдгийг биднээс өөр хэн ч ойлгохгүй. Суралцахын тулд төөргөө засуулна. Засуулахын тулд зарим нь амьдарна. Миний хийсэн бүхэн би биш. Алдаа гаргасан бол бас биш. Оносон бол харин мөн. Адаглаад бурхны шашинд нүгэл үйлдэхгүй байх нь чухлыг ойлгохгүй. Үйлийн үрийг суварга босгох төдийхнөөр л ойлгодог болчихсон.

Улсын мөнгө шамшигдуулсан, төрийн дансанд хуруугаа дүрж, түмнийхээ эсрэг шийдвэр гарган халаасаа түнтийлгэсэн гэмээ цайруулж суварга босгоно. Хэн илүү нүгэл үйлдсэнийг нь хэдэн суварга босгосныг нь тоолоод мэдчихмээр. Төрийн өндөр албан тушаалтнуудын зиндаархуу нэгэн хэлц гарсан нь “Суварга болтлоо төрийн мөнгө хулгайлаагүй байна”.

Иймэрхүү л байдалтай.

Энэ мухар сүсэгтээ бид хэдэн тэрбумаар тоологдох мөнгө төлдөг аж. Суудал өнцөгтсөн, мэнгэ голлосон, жил орсон гэдгээсээ шалтгаалаад дунджаар нэг хүн 40-120 мянган төгрөгөөр жилийн заслаа хийлгэж буй аж. Өдөрт хэдэн хүн засал ном хийлгэдэг тухай сүм, хийдүүдээс асуутал буруу номтон “нууц”-аа задалсангүй. Гэхдээ бүдүүн багцаагаар 500-1000 давдаг аж. Ингээд үржүүлбэл хэд болохоор байна даа.

Тиймээс л шинийн 15-ныг дуустал бурхны шавь нар завгүй ном хурж, засал хийх аж. Нэг ёсны тэдний “бизнес”-ийн оргил үе нь таарч буй учир дор бүрнээ хичээж байна.

Далдын аргаар мөнгө олж өгдөг нэг хүний тасалбар ч амжилттай борлогдож, заал дүүртлээ худалдан авалт нэмэгджээ.

Сайн явах санааных, саар явах заяаных гэж ярьдаг монголчууд заяа буянгаа тэгшлэхээр засал, номоо уншуулсаар байх нь ойрын ирээдүйн байсаар л байх тодорхой асуудал.  

Хүн төрөлхтөн зөвхөн өөрөөсөө гэгээрлийг хайх ёстойг сургаж бурхан гэж огтоос байдаггүй хүн та гэгээрэлд хүрэх аваас өөрөө бурхан хэмээн айлдсан Сиддартагийн сургаалийг бид даанч сөхөөрөхгүй юмсанж.  

Аюул зовлон, гай гамшиг, зовлон, зүдгүүрээс авран гэтэлгэх маань мэгзэм, судар ном, мэргэ төлөг ч зохиогдох болов. Буддагийн хэлсэн сургаалийн талаар яриад ч хэрэггүй.  Ахуйн жижигхэн асуудлаасаа ангижирч, ертөнцийн хэрэг явдлыг тунгаан бясалгаж үнэнийг олсноор хүн төрөлхтөн мунхагийн харанхуйгаас гарах учиртай гэдэг түүний ариун сургааль Монголын хавар хаврын хавсарганд хийсэж орхив.  

Зуны улиралд уурхай, барилгын сезон байдаг бол хаврын улирал мухар сүсгийн сезон орж байна. Тэглээ гээд тэдний зургийг нь тавиад элдвээр доржлох эрх бидэнд байхгүй. Удахгүй уул уурхайн сезон орно. Олон ургальч үзэлтэй бидний зарим нь газар дэлхийгээ сэндийчлээ гэж тэднийг баална. Нөгөө хэсэг нь уул уурхайгаа түшиглэж бид хөгжинө гэж зөвтгөнө. Араас нь тариачин ногоочдын сезон орно. Тэдэнд төрөөс мөнгө өгөх шаардлагагүй гэж зарим нь цухалдана. Үргэлжлүүлээд малчдын, махны сезон орно. Малчдаа дэмжие, дэмжихгүй гэж талцана. Эргэх дөрвөн улиралд бидний хийдэг, хэлцдэг гол ажил энэ. Юунд итгэж, юуг шүтэх эс шүтэх нь өнөөгийн монголчуудын эрх.

Өөрөө л тийшээ зүг мөрөө гаргахгүй байвал барам. Хавар нар наашилдаг хорвоогийн жамыг өөрчилж чадахгүйгээс хойш доошоо орсон нийгмийн үнэлэмжээ дээшлүүлэх талаар бодох цаг хаа хаанаа иржээ. Энд төр засаг гэхээсээ илүүтэй дор бүрнээ тунгааж, аливаад сэтгэлийн хөөрөл, шидийн муйхраар хандахаас илүүтэй бодитоор, эрэл хайгуулчаар хандаж, хоосон сүсэг биш хөдөлмөр, зүтгэлээр л ханддаг болох тэр оролдлого руу тэмүүлдэг болохын төлөө зориход болчих юм шиг мунхаглана.  

Үгүй гэвэл одоо тэгээд яах вэ. Хуулиа дагана даа гэдэг шиг жамаа дагах уу?

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна