Хоригоо цуцлахад бэлэн гэж Меркель бундестагт мэдэгдэв

2016 оны 2 сарын 17

Ангела Меркель

Фото: Morris MacMatzen / Reuters

 

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель боломжтой нөхцөлд Оросын эсрэг авсан хоригийг цуцлахад бэлэн гэж мэдэгдсэнийг бундестаг дахь Христийн Ардчилсан холбооны жигүүрийн депутатын хэлснээс иш татан Reuters дамжуулжээ.

 

Мягмар гаригт болсон хаалттай хуралдаан дээр Меркель энэ тухай ярьсан гэнэ. Гэхдээ хоригийг цуцлах үндэслэл сайтай байх ёстой гэж тэр хэлжээ. Меркельд Оросын Сирид явуулж байгаа ажиллагаа нь итгэл төрүүлэхгүй байгаа гэнэ. Мөн оросууд 13 настай охин алга болсон хэргийг санаатайгаар “дэвэргэх” гэснийг тэр бас дурдсан аж.  

 

Хоёрдугаар сарын 14-нд Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Европын холбоонд хандан хоёр талаасаа хориг арга хэмжээгээ цуцлах ззүрх, зориг гаргахыг уриалсан байна. Харин Москва үүнийг эхлээд хийхгүй гэсэн юм. Аюулгүй байдлын асуудлаар Мюнхенд хийгдсэн бага хурал дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри  хэлэхдээ, Украины асуудлаар Минскийн хэлэлцээрийг бүрэн хэрэгжтэл АНУ ба ЕХ хориг арга  хэмжээгээ цуцлахгүй гэсэн байлаа.

 

Крымыг Орост нэгтгэсэн мөн Украины зүүн хэсэгт сөргөлдөөн гаргасан хэмээн Оросын эсрэг хориг арга хэмжээг 2014 онд ЕХ, АНУ, Канад, Норвеги, Черногори, Албани, Исланд, Лихтенштейн,  Украин авсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна