Сирид НҮБ-ын цувааг оруулахыг зөвшөөрөв

2016 оны 2 сарын 17

 

Сирийн засгийн газар НҮБ-ын тусламжийн цувааг бүслэлтэд буй долоон хотод нэвтрэхийг зөвшөөрчээ. НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура  тусламжийн цувааг Сирийн армийн бүслэлт рүү оруулахыг Сирийн гадаад хэргийн сайд Валид аль-Муаллемтай Дамаскт ярилцсан байв. НҮБ-ын тусламжийг Дэйр-эз-Зор, Фоах, Кафраяа, Мадаяа, Забадани, Кафр Батна, Моудемия аль-Шам хотуудад ирэх өдрүүдэд хүргэх гэнэ.

 

Үүний зэрэгцээ Сирийн энхийн хэлэлцээг энэ хоёрдугаар сарын 25-нд Женевт дахин эхлүүлэхээр тов зарласан байна. Дэлхийн хүчирхэг гүрнүүд өнгөрсөн баасан гаригт Мюнхений аюулгүй байдлын хуралдааны үеэр Сирид гал зогсоох найдлага тавьж энэ уулзалтыг дахин товлосон аж.

 

Сирийн засгийн газар ОХУ-ын агаарын дэмжлэгтэйгээр нутгийн хойд хэсгийг босогчдоос чөлөөлөн хяналтаа тогтоожээ. ОХУ нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Исламын улс бүлэглэлийн эсрэг болон Башар аль-Ассадын засгийн газрыг дэмжих зорилгоор Сирид агаарын цохилт өгч байгаа юм. Энэ хооронд Туркийн арми Сирийн хилд Курдын ардын хамгаалах ангийн зэвсэгт дайчдын эсрэг  их буугаар галлаж байна. Сирид таван жил үргэлжилж буй иргэний дайнд Барууныхан, Арабын орнууд болон Турк улсууд ерөнхийлөгч Башар аль-Ассадын засгийн газрыг унагаахын төлөөх босогчдыг дэмжиж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна