“Муухай” эрчүүд

2016 оны 2 сарын 17

Төв аймгийн Баянчандмань сумын Тамгын газрын дарга Г.Ариунболд ажилдаа орсон тухай мэдээлэл цахим ертөнцийнхнийг талцуулан маргалдахад хүргэв. Шат шатны шүүх болоод хууль хяналтын байгууллага Г.Ариунболдыг буруугүй гэж үзсэн байна. Тэрбээр хохирогч Б-г хүчирхийлээгүй, айлган сүрдүүлээгүй, бүр хуруугаа ч хүргээгүй болохоор түүнийг буруутай гэж үзэх үндэслэл хуулийнханд байхгүй, шийтгэл хүлээлгэх зүйл заалт ч хуулинд байхгүй нь өнөөгийн нийгмийн эмгэнэл. Тиймээс Г.Ариунболд харц дээгүүр, толгой өндөр ажилдаа очиж, шалгагдаж байх хугацааныхаа цалинг ердийнхөөрөө бодуулан авчихаад даналзаж суугаа. Өөрийг нь буруутгасан нэгэнд “Харин ч би хэлмэгдсэн” хэмээн мэлзэж суугаа нь магад.

Гэвч тэр огт буруугүй нэгэн огтоос биш. Энэхүү гаргалгааг батлахын тулд хэрэг гарсан 2015 оны есдүгээр сарын 24-ний өдрийн үйл явдлыг эргэн сануулъя. Билгийн тооллын намрын дунд сарын бар өдөр Баянчандмань сумын малчин Ганзоригийнх унагаа тамгалж, тамганы найранд Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд оролцсон байдаг.  Найр хавтгайрч, хэдэн шил архины бөглөө мулталсны эцэст  хойморт суусан хоёр дарга хоорондоо муудалцаж, бүр зодоон цохиондоо хүрчээ. Хар багаасаа тоглож өссөн, арван жилд болон БХИС-ийн нэг ангид хамт суралцаж байсан андууд нэгнийгээ зодож дийлэхийн тулд яахаас ч буцахгүй авир гаргаж байсныг хүмүүс ярьсан байдаг. Зодоон цохионы үнэн мөнийг олохын тулд Г.Ариунболд хохирогч Б-г сумын төвөөс дууджээ. Ингэхдээ тэрбээр “Ганзоригийн мал гоц халдварт өвчин туссан юм шиг байна. Яаралтай хурдан ир. Цаашаа хүн амьтан руу утасдаж хэл хүргэлгүй хүрээд ир. Чамайг ирсний дараа дээш нь мэдэгдэх юм. Чамайг Эрхэмтөр очиж авна” гэжээ. Б гэх бүсгүй үнэхээр малчин Ганзоригийн малд гоц халдварт өвчин гарсан юм байх хэмээн итгэж шаардлагатай багаж хэрэгслээ бэлдээд очсон байдаг.  Архи ууж согтуурсан Б.Ханбаатар Б гэх эмэгтэйг хайр найргүй зодож, хүчирхийлсэн гэдгийг хуулийнхан тогтоосон. Хохирогч эмэгтэйн биеийн ихэнх хэсэг хөх няц болж энд тэндгүй гэмтэл авсны дээр уруул нь сэтэрч, тархи нь олон газарт хагарсан байжээ. Б.Ханбаатар араатан шиг авирлаж хоолойг нь боомилон ухаан алдуулаад, домкрат /данхраад/-ны иш төмөр ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байна. Зэрлэг араатан шиг авирласан Ханбаатар хуулийн дагуу хариуцлага хүлээж, өргөст торны цаана суугаа.

Харин энэхүү жигшүүрт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, бүсгүйг худал хэлж хээр хөдөө рүү дуудсан, хүчирхийлэлд өртөөд  аврал эрэн хашгирч байхад нь туслаагүй Г.Ариунболд гэмгүй хүн мөн үү. Хэрэг гарахад яг хажууд нь байгаагүй ч сайн зүйл болохгүй гэдгийг тэр мэдэж л байсан. “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэдэг ч 24-хөн настай бүсгүйг тарчилган тамлах эхлэлийг Г.Ариунболд тавьсан. Тэр хохирогчийг дуудаагүй бол жигшүүрт хэрэг гарах байсан уу. Хөөрхий бүсгүй хүчирхийллийн улмаас ирээдүйд ээж болж чадахааргүй бэртэж гэмтсэн бол хэрхэх вэ. Хэрэг үйлдсэн нь л буруутай, хамтрагч нь харин гэмгүй гээд үлдээгээд, өршөөгөөд буруугүй буруутнуудын толгойг илсээр байх уу. Мэргэжлийн ёс зүйн хувьд алдаа гаргасан бол шийтгэж болно, хүн ёсны алдааг бурхан тэнгэр нь л шүүг гээд орхих уу. Г.Ариунболдын аав олон жил Баянчандмань сумын МАН-ын үүрийн даргаар ажиллаж байжээ. Сайн аавын нэр нүүрийг ашиглан алба хашиж, тал тохой татан хэргээс мултарч амжсан энэ хүнд түмэн олныг төлөөлөн төр түшилцэх эрх бий юү. Сумын Тамгын газрын даргыг олон нийтийн сонгуулиар томилдоггүй болохоор тэр хүн юү хийх нь  нутгийн олонд хамаагүй хэрэг үү. Хариулт тодорхой. “Хариуцсан ажил, эзэмшсэн  мэргэжилтэй холбоотой алдаа гаргасан бол шийтгэх сэн, хувь хүний харилцааны алдаа учир шийтгэх үндэслэлгүй”.

Жишээ 2:

Одоогоос бараг гурван жилийн өмнө  /2013 оны долдугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүрэгт/  гарсан харамсалтай хэрэг явдлыг сөхөх болсондоо харамсаж байна. Мэргэжил нэгтнээ гэр бүлийн асуудал, хардалтын улмаас хөнөөсөн аймшигт хэргийг татварын байцаагч мэргэжилтэй шавилхан биетэй Ц.Туяа үйлдэж, нийгэм бүхэлдээ хирдхийсэн. Хэрэгтэн  Ц.Туяа мөрдөн байцаалтын үеэр өгсөн мэдүүлэгтээ “Би гэртээ хоёр настай хүүгээ асардаг байсан. Гэтэл нөхөр маань талийгаачтай уулздаг болсон гэх сураг байнга дуулдах болж, сүүлдээ энэ нь бидний амьдралд нөлөөлж эхэлсэн. Би өмнө нь хэд хэдэн удаа талийгаач Э-тэй утсаар ярьж, нөхрөөс минь холбоогоо таслахыг гуйж, уулзаж ярилцахыг хүссэн. Гэвч тэр бүсгүй гуйлтыг минь хүлээж аваагүй. Тэгээд тэвчээр алдран, архи уусан үедээ гэрийнх нь үүдэнд очиж уулзсан. Уулзсанаас хойш яг юу болсныг санахгүй байгаа, нэг ухаан ороод харахад миний гар цусанд хутгалдсан байсан” гэж мэдүүлсэн байдаг.

Хоёр бүсгүйн нэг нь амиа алдан, нөгөө нь шоронд ял эдлэхэд хүргэсэн Д.Батболд  тухайн үед Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Д.Батболд нь анхны эхнэр, хүүхдээсээ салж, хэрэгтэн Ч.Туяатай гурван жилийн турш хамтран амьдарч байх үедээ талийгаач бүсгүйтэй нууц амрагийн харилцаа тогтоосон байдаг. Ц.Батболд нь сэжигтэн, талийгаач хоёр бүсгүйд ижил өнгийн “Volkswagen Touareg” маркийн автомашин бэлэглэж, алалцаж уралцуулах эхлэлийг нь тавьсан байх жишээтэй. Бэлтэй хөрөнгөтэйгээ гайхуулдаг гэхэд урьд хойд эхнэртээ ижил машин авч өгч гайхуулах нь хүн ёсны хэрэг мөн үү. Олон бүсгүйтэй орооцолдсоноороо чалх чадвараа гайхуулдаг бурангуй үзэлтэй эрчүүдийн нэг л байж дээ гээд гаслаад өнгөрөх хэрэг энэ мөн үү. Шүүх хурлын дараа хар нүдний шилээр зүсээ бууруулчихаад ажлаа хийж явсан түүнд оноох ял зэм бас л байсангүй.  Хоёр хүүхний амьдралаар тоглосон “Хайрын гурвалжин”-гийн эзэн гэж цоллуулаад өнгөрсөн.  Овоо эрх мэдэлтэй, овоолсон багагүй хөрөнгөтэй Д.Батболд өнөөдөр хаа нэгтээ бас нэгэн бүсгүйн толгойг эргүүлж, хормойг сөхөж яваа ч байж магад.

Охид хүүхнүүдийг эргүүлэх эсэх нь, түүнд итгэх эсэх нь хувь хүний хэрэг хэдий ч Д.Батболд хоёрын хоёр хүнд үнэтэй машин зэрэг бэлэглэх бэл хөрөнгөтөн байсан уу гэдгийг шалгах ёстой байсан бус уу.  Ямар мөнгөөр ийм машин авч өгөв гэдэг нь хэн хүний анхаарлыг татсан ч хуулийн байгууллага үүнийг шалгаагүй.  Шалгах эрхзүйн үндэслэл  байхгүй гэдгээ илэрхийлсэн.

Ингээд л бүх юм мартагдана. Хүний амьдрал, хохирч үлдсэн бүсгүйн тавилан, өнчирч хоцорсон хүүхдүүдийн хувь заяа  гэдэг мэргэжлийн ёс зүйгээр хэмжишгүй үнэ цэнэтэй. Гэтэл хүн ёсноос гажууд зан үйл гаргасан олон хүн, тэр дундаа төрийн албан хаагч, дунд шатны албан хаагчдын ёс зүйн алдааг “Өөрсдийнх нь л шийдэх асуудал” гэж орхигдуулсар байна.

Г.Ариунболд гэгч гэмгүй хүн төрийн албандаа орж байхтай зэрэгцэн Японы сайд эхнэрээ хуурсныхаа төлөө ард олноосоо уучлалт гуйж, ажлаа өгч байх юм. Манайд бол сайдын хууран мэхлэлтээс хэн ч хохироогүй болохоор юун ажлаа өгөх. “Хүн бол ичингүйрч нүүр нь улайх чадвартай цорын ганц амьтан юм” хэмээн америк зохиолч Марк Твений хэлсэн онч үг өнөөдөр утгаа алджээ.

Гэмгүй гэмтнээс болж хүний эрүүл мэнд, амь нас хохирчихоод байхад ч өөгшүүлэн өршөөдөг “ардчилал нь дэндсэн” нийгэмд бид аж төрж байна.

М.СУРА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна