Хятад маргаантай тэнгист пуужингийн систем байрлуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Хятад маргаантай тэнгист пуужингийн систем байрлуулжээ

 

Бээжин Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай арлуудын нэг дээр газар-агаар ангиллын дэвшилтэт пуужингийн системийг байрлуулжээ. Үүнийг Тайвань болон АНУ-ын зүгээс хүчтэй эсэргүүцэж  байна.  

 

Тайваний батлан хамгаалахын төлөөлөгч хошууч генерал Дэвид Логийн мэдээлснээр Бээжин “Woody” арал дээр пуужингийн систем байрлуулсан гэнэ. Энэ нь Парасель бүлэг арлын нэг бөгөөд Бээжингийн хяналтад 40 гаруй жил байгаа ч Тайвань, Вьетнам улстай эзэмшлийн маргаантай аж.

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Калифорни хотноо Зүүн Өмнөд Азийн холбооны орны төлөөлөгчидтэй уулзалт хиймэгц Бээжин маргаантай тэнгист пуужингийн систем байрлуулсан байна. Бээжингийн оролцоогүй уулзалтаар Өмнөд Хятадын тэнгисийн асуудал болон аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн аж.

 

Бээжин нь Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрийн эзэмшил хэмээн зарласан нь хөрш орнуудтай газар нутгийн маргаан үүсгэсэн юм. Энэ бүсэд жилд таван их наяд давсан ам.долларын худалдааны зам багтдаг бөгөөд газрын тос, байгалийн хийн нөөц арвинтай аж. Вьетнам, Малайз, Бруней, Филиппин, Тайван зэрэг олон оронтой газар нутгийн маргаан үүсгэсэн Бээжингийн эсрэг АНУ-ын зүгээс Хятадын эзэмшлийн арлын орчимд байлдааны хөлгөөр эргүүл хийх маягаар өдөөн хатгалга хийх болсон юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж