Дуучин Нара улс төрийг “оролдож” эхлэв үү?

2016 оны 2 сарын 17

Дуулсан дуугаараа түмэнд алдаршаагүй ч ил задгай хувцаслалт, өвөрмөц дүр төрхөөрөө олны танил болсон дуучин Нара фейсбүүк хуудсаараа дамжуулан улс төрд хүч үзэх бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр “Найзуудаа, надад нэг ийм бодол төрөөд байх юм. Та нар минь юу гэж бодож байна. Би ер нь улсын их хурлын гишүүн болж болох болов уу. Эсвэл заавал нам эвслээр занималддаг, эцэг эх нь олон жил дарга хийсэн хүний хүүхэд, эсвэл мөнгөтэй хүний хөрөнгө зарж гардаг эд юм болов уу? Над шиг зүгээр ардын хүүхэд бас ганц бие ээж, залуу эмэгтэй хүн улс төрд зүтгэж болдог болов уу? Эсвэл эмэгтэй хүн болохоор болохгүй гэдэг юм болов уу? Миний санахын зарим эрэгтэй гишүүд 20 гаранхан наснаасаа л гишүүн байгаа тохиолдол байдаг. Эмэгтэй хүн яадаг юм бол? За тэгээд Сэтгүүлч мэргэжилтэй хүн Ерөнхийлөгч болсон байна, бас бөх, геологич юу юу билээ олон мэргэжлийн хүн төрд хийсэн хийгээгүй юмтай байгаад байдаг санагдаж байна гэвч дуучин эмэгтэй хүн болчихож болно байлгүй гэж бодтол нөхөртэй бүрэн бүтэн гэр бүлтэй эмэгтэй л төрд гардаг юм болов уу? Энэ төрд гарна гэдэг чинь төрийн мөнгийг л зөв зохистой зүйлд нь зарцуулах ёстой болохоос өөрөө мөнгөтэй мөнгөгүй байх хамаагүй биз дээ. Би лав төрд гарвал ялангуяа одоо энэ төрд байгаа эмэгтэйчүүд шиг үлбэгэр юм хийх ч үгүй,  жинхэнэ эмэгтэйчүүд хүүхдүүдийн төлөө бодит зөв өөрчлөлтүүдийг зоригтой хийнэ... Аавын хүү ээжийн охидод сэтгэл зүрх байвал юу ч хийж чадна биз дээ. Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө засдагийн гэх байхдаа. Биеэ ч яахав засаж л явна. Харин гэрийг засна гэдэг эмэгтэй хүний хүслээр болдог эд биш юм байна. Тэгэхээр хэзээ гэр засагдана гэж алмайрч суух вэ, төр лүү зүтгэж өөр шигээ амьдрах гэж зүтгэж байгаа эмэгтэйчүүдийнхээ амьдралыг өөд нь татъя, яадаг юм. Хүсэл байгаад зоривол биелдэг л мөрөөдөл байлгүй дээ. Монгол эмэгтэйчүүд хэдий болтол амьдрах гэж зүдэрч хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх юм бэ? Ёстой сачий хүрдэг бол өөрчлөх юмсан даа. Заа тэгээд дэмжих нь дэмжээд элдвээр хэлэх нь хэлнэ биз сонирхолтой хэлэлцүүлэг гарах байхдаа” хэмээн бичжээ.

Т.Номин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна