Данид монгол киноны өдөрлөг болжээ

2016 оны 2 сарын 17

Монголын урлагийн зөвлөл кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн хөгжлийг сурталчлан таниулах зорилгоор Монгол кино өдөрлөгийг “Данийн кино институт”-тэй хамтран Дани улсын нийслэл Копенгаген хотноо энэ сарын 9-16-ны хооронд зохион байгуулж байна. Тус кино өдөрлөгт Монголын зургаан кино сонгогдон дэлгэцнээ гарчээ.

 Пусаны олон улсын кино наадмын “Шинэ давалгаа” шагналт найруулагч С.Бямбын “Алсын удирдлага”, “Хүсэл шунал” баримтат кино, 2013 онд Пусаны олон улсын кино наадмын Азийн киноны шилдэгт шалгарч оролцсон найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” УСК,  Лондонгийн олон улсын богино хэмжээний кино наадамд өрсөлдсөн найруулагч Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” богино хэмжээний кино, найруулагч М.Ивээлийн “Цэн тогоруу” УСК зэрэг олон улсын наадмуудад өөрсдийн бүтээлээрээ оролцсон шинэ, залуу найруулагчдын бүтээл сонгогджээ.

Мөн БНМАУ-ын гавъяат жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осорын “Зэрэг нэмэхийн өмнө” УСК сонгогдон оролцож буй аж. Тус бүтээлийг сонгосон нь монголын кино урлагийн хөгжлийн үе шат, орчин үеийн киноны хөгжлийн чиг хандлагыг олон улсын үзэгчдэд таниулах боломжийг олгож буйгаар онцлогтой хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзсэн байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна