39 мянган хүн ХОМ-ээ өгчээ

2016 оны 2 сарын 17

Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах хянах үйл ажилалгаа улсын хэмжээнд зохион байгуулсан. Нэгдүгээр сарын 1-нээс энэ сарын 15-ны өдрийг хүртэл ХОМ-ийг авсан бөгөөд дүн нь гарсан байна.  Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас мэдүүлэг ирүүлсэн бөгөөд 39940 мэдүүлэг гаргагч 2015 оны мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлжээ. Энэ нь 99.7 хувьтай байна.

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 269 албан тушаалтан бүгд буюу 100 хувь бүртгүүлжээ. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох төрийн байгууллагууд энэ сарын 15-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт тайлан мэдээг ирүүлэх үүрэгтэй байдаг. Тиймээс ирэх сарын 1-ний өдөр улсын хэмжээнд албан ёсны дүн мэдээг гаргах аж.

Б.БАТ  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна