“АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг ирэх сарын 1-нд нээнэ

2016 оны 2 сарын 17

Ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох АСЕМ-ын өдрөөр МОНЦАМЭ агентлагийн байранд “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг албан ёсоор нээх юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатарын ахалж ажилладаг АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг өчигдөр хуралдаж, "АСЕМ-ын Мэдээллийн төв"-ийг нээх өдрийг товлосон байна.

Мөн ажлын хэсгийн хурлаар Дээд түвшний уулзалтын үеэр гадаадын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв”-ийг “Шангри Ла” цогцолборт нээх аж. Уг төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, мэдээ мэдээлэл бэлтгэж дамжуулах нөхцөлөөр хангах суваг, өндөр хурдны интернэтийн сүлжээ зэргийг дотоодын компаниудын дэмжлэгтэйгээр шийдвэрлэхийг ажлын хэсгийн дарга холбогдох хүмүүст үүрэг болгожээ.

Түүнчлэн АСЕМ-ын уулзалтыг угтаж аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын дунд хандивын үйл ажиллагаа зохиох тухай ярилцаж, саналаа эцсийн байдлаар боловсруулан Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна