Гааль, татвараас 147 хүнийг цомхотгоно

2016 оны 2 сарын 17

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэгдэж, Гааль, Татварын байгууллага нэгдэж, энэ 3.6 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг Улсын их хурал хийсэн. Улмаар энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гааль, Татварын ерөнхий газрын даргаар Сангийн яамны дэд сайд асан С.Пүрэвийг албан ёсоор томилсон юм. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Гаалийнхан Монгол гуравдугаар сургуулийн байраа суллаж, хуучин Татварын ерөнхий газрын төв байрт шилжин ирсэн билээ. Хоёр байгууллага нэгдэж, нэг барилга, нэг бүтэц зохион байгуулалтад орж дууссан байна. Одоо зөвхөн Сангийн яамнаас баталсан орон тоогоор ажиллах ёстой болжээ. Энэ нь 147 хүнийг албан үүргээс нь чөлөөлөх эсвэл дотооддоо тохиролцож цалингийн хувиа бууруулж, дээрээс баталсан цалингийн фондод тохируулан ажиллах гэсэн хоёр сонголт тулгарчээ. Гааль, татварын ерөнхий газрын удирдлагууд аль болох төрийн албан хаагч, гааль, татварын байцаагчаа цомхотгохгүй зөвхөн аж ахуйн салбарт буюу арын албанд ажилладаг галч, жижүүр, сантехникч зэрэг нэг ажлыг давхардан хийх ажилчдаасаа явуулахаар тооцжээ.

Эрхзүйн шинэчлэлтийг дагаад улсын төсөвт ихээхэн хэмжээний хөрөнгө бүрдүүлдэг хоёр төрийн байгууллага нэгдсэнээр төрийн тогтолцооны шинэ хувилбар болж, татварын орлого нэг газарт төвлөрдөг болох гэнэ. Мөн татварын орлогын гүйцэтгэл, төлөвлөлт нэг хяналт дор ойлгомжтой болно зэрэг эерэг өөрчлөлт ихээр гарах боломж бүрдсэнийг гааль, татварынхан онцоллоо. Нэг бэрхшээлтэй зүйл нь хоёр байгууллага нэг барилгад нэгдсэн нь төрийн албан хаагч суух ажлын байрны стандартад зөрчигдөж, шахцалдах болжээ. Гаалийн байгууллагын Монгол гуравдугаар сургуулийн урд байрлах хуучин байр Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдэлд шилжиж, нийслэлийн Давж заалдах, Анхан шатны хоёр шүүх нүүн орсон байна. Өөр татвар, гаалийн барилгыг хувьчилж, түрээслэхгүй гэдгийг Гааль, Татварын ерөнхий газрын дэд дарга Даваасүрэн ярилаа.  Нэгдээд хоёр орчим сарын хугацааг ардаа орхисон тус байгууллага нэгдүгээр сард төвлөрүүлэх орлогоо 400 сая төгрөгөөр давуулжээ. Хуучин гаалийн байгууллага гаалийн таван хувийн татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг өөртөө бүрдүүлж, улсын төсөвт төвлөрүүлдэг байсан юм. Одоо бол дээрх бүх татвар нэг гараар дамжиж, нэг газар төвлөрөхөөр болж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна