МАН, МАХН-ын шантааж үргэлжлэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

МАН, МАХН-ын шантааж үргэлжлэх үү?

Ээлжит бус чуулганыг маргааш 09.00 цагт эхлүүлэхээр дахин товлосон бөгөөд МАН, МАХН-ын шантааж үргэлжилж болзошгүй гэх “бор шувуу” Төрийн ордонд нисэж байна. Шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдож буй юм.

Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хаяглан илгээсэн албан бичигт Шадар сайдад нэр дэвшээд байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй тухай дурдсан гэх нь бий. Гэвч эл бичиг хараахан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирээгүй байгаа тухай холбогдох албаны хүн тодотгосон. Ирсэн байлаа гэхэд Шадарт нэр дэвшигчийн хувьд төрийн өндөр дээд албан тушаалд суух боломж нь хуулиар хязгаарлагдаж байгааг холбогдох хүмүүс өнгөрсөн хугацаанд хангалттай ярьсан ч МАН, МАХН-ынханд энэ асуудал падгүй нь бололтой.

МАН-ынхан бол бүр гоё, сайдад нэр дэвшигчдийг бүгдийг дэмжээд ирсэн тул МАХН-ын даргыг Шадар сайдад нэр дэвшээд ороод ирэхэд алагчлахгүй дэмжинэ гээд байгаа. Гэтэл энэ асуудал нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд багтаагүй тул МАН, МАХН-ынхан олонхийн бүлгийг ирцээ 100 хувьд хүргэхийг нь яс тас харах аж.  

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 35 гишүүнтэй, үүн дээр ИЗНН-ын хоёр гишүнийг нэмэхэд 37 болно. Тодруулж хэлбэл, 2 гишүүн ирж гэмээнэ ээлжит бус чуулганы ирц 50 хувьд хүрэх учраас тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бие даагч гишүүдтэй  хэлэлцээр хийсэн гэх сураг дуулдаж байна. Энэ хэлэлцээр амжилттай болсон бол ирцээр бойкотлогсдоос шалтгаалахгүйгээр УИХ-ын үйл ажиллагаа эхлэх нь.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж