Нуусан хөрөнгө ил болгоход гурван хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Нуусан хөрөнгө ил болгоход гурван хоног үлдлээ

 

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжих хугацаа гурван  хоногийн дараа энэ сарын 20-нд дуусна. Өнгөрсөн оны наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн дээрх хуулийн хүрээнд одоогийн байдлаар аж ахуйн нэгжүүд 14.7 их наяд төгрөгийн хөрөнгийг ил болгожээ. Анх хууль батлах үед 6-7 их наядын хөрөнгө ил болно гэж таамаглаж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар улсын төсвөөс хоёр дахин их хэмжээний нуугдмал хөрөнгө  ил болжээ. Анх Улсын Их хурлаас уг хуулийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд дагаж мөрдөхөөр баталсан ч хуулийн хэрэгжилт сайн байсан тул энэ сарын 20-н хүртэл сунгасан юм.

Ил тод байдлыг бий болгож, сүүдрийн эдийн засгийг ил болгох гол зорилгоор 8000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ бол Сангийн яам, татвар, гааль, нийгмийн даатгал, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран хэрэгжүүлэх ёстой хууль. 90  гаруй мянган аж ахуйн нэгжтэй Монгол Улсын хувьд хууль тогтоомж нь ойлгомжгүй байдал, санаатай болон санамсаргүй үйлдлээс шалтгаалан далд буюу сүүдрийн эдийн засаг бий болсон. Иймээс Улсын их хурлаас Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж, аж ахуйн нэгж, иргэний ардаа нуусан хөрөнгийг өршөөж, эдийн засгийн сүүдрийг гэрэлтүүлэх боломжийг бий болгосон  юм. Хуулийн зорилго нь төрийн байгууллага, албан тушаалтны илрүүлж чадаагүй, бүртгэлээс гадуурх хөрөнгө, орлого, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас нэг чөлөөлөх юм. Цаашдаа татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал том жижиггүй гаргах тайлан тооцоо багасаж, үйл ажиллагаа нь ойлгомжтой болох ёстой. Ингэж эдийн засгийн ил тод байдал, нуугдмал хөрөнгө санхүү ил болох ёстой юм. Хуульд зааснаар нуун дарагдуулсан хөрөнгө, татвараас зайлсхийсэн зөрчлөө үлдсэн гурван өдөртөө багтаж, үнэн зөвөөр нь мэдүүлж, материалаа өгөх үүрэг татвар, орлогоо далд нуусан иргэн танд байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж