20 мянгын хэрүүл хийсээр суутал төрөлт буурч байна, цаана чинь

2016 оны 2 сарын 17

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар өчигдөр 2016 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засаг ямар байгаа талаар мэдээлэл өгсөн. Тэр дунд сайн мэдээлэл ч байсан, муу нь бас байлаа. Гэхдээ нэг их муу мэдээлэл байсан нь амаржсан эхийн тоо буурсан явдал байлаа. Статистикийн газраас өгсөн мэдээллээр бол улсын хэмжээнд 2016 оны нэгдүгээр сард 6275 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 400 төрөлтөөр буурсан аж. Хүн амаа өсгөх гэж ядаж байгаа манай улсын хувьд энэ үнэхээр муу мэдээ. Эрх баригчид хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгнө, өгөхгүй гэж ялихгүй хэрүүл хийж сууж байх зуур төрөлт жилийн өмнөхөөс даруй 400-гаар буурчихлаа.

Төрөлт буурсан нь янз бүрийн л шалтгаантай байх. Нөхөн үржихүйн насны залуучуудын тоо энэ тэр гээд дурьдаад байвал юу эсийг хэлж барах билээ. Гэхдээ манайд хүн өсөлтийг дэмжих бодлого гэж үнэндээ алга. Тиймдээ ч хүн амын өсөлт яст мэлхийн хурдтай л явна. Уг нь гурван саяулаа болоод авсан. Дөрвөн сая болоход 30 жил зарцуулмааргүй л байгаа юм. Гэтэл төрөлт энэ мэтээр жилээс жилд буураад байвал 30 битгий хэл жил хүлээж ч магадгүй байна. Тийм байхад манай улстөрчид 20 мянган төгрөг яриад л суугаад байна. Юун хүн амын өсөлтийг дэмжих бодлого. Ёстой хол хэвтэнэ дээ.

Уг нь манай улстөрчид, Засгийн газрынхан хүн амын өсөлтийг дэмжих хууль, журам гаргана. Гурав дахь хүүхдийг дэмжих бодлого барина. Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээжүүдийг дэмжинэ, цалин мөнгө олгоно гээд л гоё гоё юм зөндөө ярьсан. Уг нь хэрэгжүүлэхэд болохгүй юмгүй л бодлогууд байсан юм. Гэтэл өнөөдөр хүүхэд нэг бүрийг ялгаварлалгүйгээр сардаа 20 мянган төгрөг өгөх гэж л бөөн юм болж байна. Нэг талаараа өрөвдөлтэй л зүйл. Уг нь манайхан элдэв илүү халамжаа болиод, зөвхөн хүн амын өсөлтийг дэмжих чиглэлд л мөнгө төгрөг үрмээр байгаа юм.

Хүн ам өсөхийн хэрээр улс орон хурдацтай хөгждөг. Эдийн засаг тэлнэ. Ач холбогдлыг нь хүнээр хэлүүлэлтгүй мэдэж л байгаа байх, манай эрх баригчид, улстөрчид. Гэтэл өнөөдрийг хүртэл хүм амын өсөлтийг дэмжих бодлого нь ердөө л хүүхдийн 10, 20 мянган төгрөгөөр л хэмжигдэж явлаа шүү дээ. Яг үнэндээ манай улсын хүн амын ихэнх хувийг одоогоор залуучууд эзэлж байгаа.  Тиймдээ ч төрөлт жил ирэх тусам нэмэгдэх учиртай байтал харин ч буураад байна. Шалтгаан нь эдийн засаг муу, иргэдийн амжиргаа тааруу байгаатай л холбоотой. Залуу гэр бүлүүд байр, машинтай болохын төлөө үр хүүхдээ хойш тавьж байна. Эсвэл ганц юм уу хоёр хүүхдээр л хязгаарлаж байгаа.

Ийм байхад гурав дахь хүүхдийг дэмжих бодлого яаралтай хэрэгтэй л байна. Айл болгон гурван хүүхэдтэй байвал хүн амын тоо хэр хурдан өсөх билээ. Бодож үзэх л асуудал. Мэдээж гурав дахь хүүхдийг дэмжинэ, сардаа хэдэн төгрөг өгнө гэсний зоргоор хүүхэд гаргаад байна ч гэж юу байхав. Гэхдээ огт юу ч хийхгүй, ямар ч бодлогогүй сууснаас л арай дээр байх.  Тэгвэл жилдээ төрөлтийн төө 300, 400-гаар буураад байхгүй болов уу. Уг нь ойрын 30-40 жилдээ багтаад ядаж таван саяуулаа болчихвол аятай юу даа.
 
Н.Болд
 

Эх сурвалж: www.mminfo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна