Төлөөлөгчид Сөүл хотын дарга Пак Ван Сүнтэй уулзлаа

2016 оны 2 сарын 17

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, зарим аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нар болон албаны бусад хүмүүс нутгийн удирдлагын туршлага судлахаар 2016 оны 02 дугаар сарын 15-наас 21-ний хооронд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байна.

2014-2015 онд нутгийн удирдлага, иргэний оролцоо өндөр түвшинд хөгжсөн Швейцарын Холбооны Улсад УИХ-ын гишүүд болон 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүрэлдэхүүн туршлага судалсан бөгөөд үүний үр дүнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинд шинэчлэл хийх, бүх шатны төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг бэхжүүлэхэд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, орон нутгийн хурлын дэмжлэг бий болсон. Энэ хүрээнд  төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын хоёр шатлал бүхий нутгийн удирдлагын тогтолцоо, бүтэц, муж, аймаг, сумын  өөрөө удирдах байгууллага, орон нутгийн сонгуульт төлөөлөгчдийн үйл ажиллагаа, тэдэнд зориулсан сургалтын хөтөлбөр, нутгийн удирдлагын байгууллагуудын үүрэг, функцын хувиарлалт, төв ба орон нутгийн удирдлагын харилцаа, төвлөрлийг сааруулах бодлого, үйл ажиллагаа, нутгийн удирдлагын эрх зүйн орчин болон орон нутгийн бие даасан байдлын тухай хуулийн хэрэгжилт зэрэгтэй танилцаж, судлах мөн хэрэгжих боломжтой сайн туршлагыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

Төлөөлөгчид өчигдөр /2016.02.16/ Сөүл хотын Захиргааны байртай танилцсаны дараа Сөүл хотын дарга Пак Ван Сүнтэй уулзсан юм. Хотын дарга Пак Ван Сүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, 2015 онд Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойн хүрээнд хэд хэдэн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан талаар дурдлаа. Түүнчлэн, монголын төлөөлөгчдийн энэхүү айлчлал хоёр талдаа харилцан ашигтай, олон сэдвээр санал, бодлоо хуваалцаж, үр өгөөжтэй айлчлал болно гэж үзэж буйгаа хэлсэн юм.

Уулзалтын үеэр  Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд хэлсэн үгэндээ,  Монгол, Солонгосын харилцаа өргөн хүрээтэй хөгжиж буйг дурдаад үүнд Сөүл хотын дарга Пак Ван Сүн хоёр хотын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэж талархал илэрхийлэв.

Уулзалтын дараа төвлөрлийг сааруулах асуудлаар Сөүл хотын захиргаанаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Сөүл хотын Захиргааны Олон улсын харилцааны хэлтсийн дарга Вүүн Сеок Баэк хийв. Тэрээр, 1980-аад оны эцэс, мөн 1990-ээд оны эхэн үед өрнөсөн ардчиллын төлөөх хөдөлгөөний үр дүнд Солонгос Улсад сэргэсэн орон нутгийн бие даасан байдал 1991 оны орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгууль, мөн 1995 оны орон нутгийн сонгуулиас хойш тасралтгүй хөгжсөөр ирсэн. Гэвч төвлөрлийг сааруулах үйл явц нэлээн удаашралтай байгаа тул төвлөрлийг сааруулахыг дэмжигчид “30 хувийн орон нутгийн бие даасан байдал” гэсэн егөөдлөөр өнөөгийн байдлыг тодорхойлдог гэсэн юм. Түүнчлэн, хэд хэдэн учир шалтгааны улмаас төвлөрлийг сааруулах үйл явц удаашралтай байна. Орон нутгийн засаг захиргаад шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд чадавхиа дээшлүүлэх шаардлагатай гэж төрийн захиргааны төв байгууллагууд, мөн засгийн газрын агентлагууд үздэг ч Орон нутгийн засаг захиргаад төв засгийн газар эрх мэдэл, орон нутагт тавих хяналтаа алдахаас айж байгаа тул чиг үүргээ орон нутагт шилжүүлэх сонирхолгүй байна хэмээн үздэг. Үүний аль аль нь үндэслэлтэй тайлбар юм. Ерөнхийдөө орон нутгийн засаг захиргааны чадавхийг сайжруулах, мөн төвлөрлийг сааруулах хүчин чармайлтыг нэгэн зэрэг хийх ёстой гэж үздэг, учир нь ингэснээр энэ хоёр үйл явц бие биенээ дэмжиж байдаг юм гэлээ.

Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд болон Сөүл хотын Захиргааны бусад албаны хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна