Атомын бөмбөг тээгч онгоцууд нэгэн видеод багтав

2016 оны 2 сарын 18

Цөмийн зэвсэг зөөгч стратегийн бөмбөгдөгч онгоцуудын хөгжлийн түүхийг өгүүлсэн  видео бичлэг сүлжээнд тавигджээ. Онгоцуудыг нь үйлдвэрлэсэн орны нэрсийн жагсаалтын дарааллаар тавьсан учир түүхэн дараалал нь өөрчлөгдсөн байв. Гэхдээ бүх бичлэгийг  үзсэний дараа түүхэн дараалал нь ойлгомжтой болно. Бичлэг Их Британийн онгоцуудаар эхэлж байна. Видеог Нью-Йоркт хаягтай шинжлэх ухаан, техникийн блог хийжээ.

Vickers Valiant, Avro Vulkan, Handley Page Victor онгоцууд нь Британийн бүтээсэн хөлгүүд бөгөөд өнгөрсөн зууны 50-60-аад оны онцлогыг харуулсан нүсэр хэмжээ, хачин хэлбэртэй. Британийн стратегийн сүүлчийн бөмбөгдөгчийг 1993 онд зэвсэглэлээс гаргажээ. Үүний дараа британичуудын цөмийн зэвсгийг тээгч хэрэгсэл нь Trident  шумбагч онгоцны баллистик пуужингууд болжээ.

АНУ-ын бөмбөгдөгч онгоцуудын төрлийг B-29 Superfortress эхлүүлсэн бөгөөд эдгээр онгоцоос 1945 онд Японы хотуудад атомын бөмбөг хаясан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын эргийн хамгаалалтын жижиг хэмжээний Lockheed P-2 Neptune онгоц цөмийн зэвсэг зөөж байснаас эхлэн бид уг бичлэгээс орчин үеийн хөлөг онгоцыг үзнэ. Атомын бөмбөг зөөхөөр тусгайлан бэлтгэсэн анхны онгоц нь хоёр хөдөлгүүртэй сэнст North American AJ Savage байв. Хол нисэх чадвар дулимаг ч тэр онгоц онгоц тээгч дээр байрлаж байсан юм. Жараад онд түүний дараа B-50 онгоц гарч ирэв. Түүнтэй зэрэгцээд өнөөдөр хүртэл зэвсэглэлд байгаа B-52 Stratofortress гарч иржээ. Оросууд тэр үед Ту-95 онгоцоо хийжээ.

 

Ту-95МС "Баавгай"

Харин оросын онгоцтой Convair B-36 Peacemaker илүү төстэй байлаа. Энэ онгоц зургаан поршент хөдөлгүүртэй байсан юм. Хожим тэднийг дөрвөн тийрэлтэт хөдөлгүүрээр сольсон.

Наяад онд сөнөөгч онгоцыг дагалдаад стратегийн бөмбөгдөгч онгоцнууд дуунаас хурдтайгаар нисэх болсон юм. Rockwell International B-1 Lancer онгоцыг 1984 онд зэвсэглэлд авсан ба тэрээр цагийн 2300 км-ийн хурдтай жаран тонн зэвсэг зөөх чадвартай байлаа. Энэ B-2 Spirit нь одоо хүртэл зэвсэглэлд байдаг.

Оросын цөмийн онгоцууд Ту-4 хөлгөөс эхлэлтэй. 1952 онд Ту-95 хийгджээ. Одоо зэвсэглэлд байгаа онгоцууд нь нэрээрээ л ижилхэн. Тэр онгоцны сайжруулсан загвар болох Ту-95МСМ хөлгийг Самара хотын “Авиакор” үйлдвэрт угсардаг. Наяад онд агаарт анх хөөрсөн Ту-160 "Цагаан хун" онгоцыг дэлхийн хамгийн том бөгөөд хүчтэй байлдааны онгоц гэдэг.

Энэ бичлэгт Хятадын алсын зайн Xian H-6 бөмбөгдөгчийг оруулсан бөгөөд тэр нь ЗХУ-ын Ту-16 онгоцны лицензийн хувилбар юм. Харин лицензгүй Х-55 пуужингаас хуулсан зургаан CJ-10A далавчит пуужингаар тэр онгоц зэвсэглэгджээ.

Ту-160

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна