Далд эдийн засгийг дахиад цэцэглүүлмээргүй байна

2016 оны 2 сарын 18

-Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулиудыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай-

Өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу өнөөдрийн байдлаар 14.4 их наяд төгрөгийн хөрөнгө ил тод болоод байгааг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав www.news.mn сайтад Мягмар гаригт /2016.02.16/ өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ нь ДНБ-ий 60 хувьтай тэнцэх хөрөнгө гэсэн үг бөгөөд хуулийн хэрэгжилтийн хугацаа энэ долоо хоногт дуусах гэж байгаа юм. Уг нь хуулийн хугацаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ч иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтээр энэ хоёрдугаар сарын 20 болгон сунгасан.

Энэ ил гарсан хөрөнгө бол төрийн бүртгэл, данснаас гадуур байсан хөрөнгө юм. Далд эдийн засгийн энэ хөрөнгийг ил болгож хүндэрч байгаа эдийн засагт нэмэр болох, ингэж ил болгосоноор бүгд нэг гараанаас хөдлөх боломж олгох, далд нуусан хөрөнгөөр нь барьцаалж нэг нэгийгээ намнадаг байдлыг халах зорилгоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан гаргасан нь ийнхүү ач тусаа өгч байна. Өмнө нь 2008 онд мөн ийм хууль гарган хэрэгжүүлсэн ч тухайн үед аж ахуйн нэгжийн 20-30 хувь нь хамрагдсан гэсэн тооцоо бий.

Хуулийг санаачлагдын тооцоогоор 7-8 их наядын хөрөнгө ил гарна гэж анхаасаа тооцож байснаас ийнхүү бараг хоёр дахин их хөрөнгө бүртгэл, данс тооцоонд орохоор боллоо.

2016 он бол эдийн засгийн цоо шинэ орчин бүрдсэн эргэлтийн жил болж байгаагаараа онцлог. Тухайлбал, энэ оны эхнээс НӨАТ-ын, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын хуулиуд шинээр хэрэгжиж байгаа. Санхүүгийн бүхий л бүртгэл данс тооцоо цахим хэлбэрт шилжиж байгаа. Эдийн засгийн ийм ил тод байдал, ил гарсан 14.4 их наяд төгрөгийн үр шимийг хүртэхийн тулд хууль эрх зүйн зарим өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой байгаа. Эдгээр нь Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулиуд юм. Өнгөрсөн Даваа гаригт эхлүүлэхээр төлөвлөсөн УИХ-ын ээлжит бус чуулганаар эдгээр хууль хэлэлцэгдэх учиртай ч улс төрийн барьцаанаас шалтгаалан чуулган эхэлж чадаагүй байна. Хэрвээ энэ гурван хуулийг баталж өгөхгүй бол санхүүгийн системд хийж байгаа шинэчлэл нурна гэдгийг эдийн засгч Б.Лхагважав анхааруулсан. “Ил гарч байгаа хөрөнгийн хэмжээ ДНБ-ийн 80 хувьтай тэнцэж магадгүй байна.  Манай эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгө 24 их наяд төгрөг гэвэл сүүдрийн эдийн засагт бараг 80 хувьтай тэнцэхүйц их хэмжээний хөрөнгө нуугдаж байжээ гэдгийг энэ хууль гаргаж өглөө.  Ингэснээрээ Монголын татварын орчин өнгөрсөн 25 жилийн хугацаанд таагүй байсныг, хууль эрх зүйн орчин гажиг байсныг харуулж өгсөн. Тиймээс л энэ алдааг үр үндсээр нь засахын тулд өнөөдөр миний дахин, дахин хэлээд байгаа гурван хуулийг батлах нь чухал байна” хэмээн Б.Лхагважав манай сэтгүүлчид ярьсан.

Энэхүү гурван хуулийг шинээр мөрдөгдөж байгаа НӨАТ-ын хуультай уялдуулж өгөхөөр төсөл боловсруулаад байгаа юм. Тухайлбал, ААНОАТ-ын хуулийг шинэчлэх төсөлд жилийн орлого нь 50 сая хүртлэх аж ахуйн нэгжүүд жилдээ нэг удаа 500 мянган төгрөг төлөөд нэг удаа тайлан гаргахаар, 50 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж 10 хувиар төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авахаар, 1.5 тэрбумаас 10 тэрбум хүртэлх нь жилд дөрвөн удаа тайлан гаргаж 10 хувиар татвар төлөхөөр,  10 тэрбумаас дээш нь жилд дөрвөн удаа тайлан гаргаж 25 хувиар татвар төлөхөөр суулгасан юм байна. 

Энэ бодлогыг хэрэгжүүлэхгүй бол НӨАТ-ын тухай хуулийг шинэчилсний утга учир гарахгүй. НӨАТ-ын шинэ хууль хэрэгжих болсонтой холбоотойгоор патентын хуулийг хүчингүй болгосон. Гэтэл ААНОАТ-ын хуулийг шинэчлэхгүй бол жижиг дунд үйлдвэрүүд хаана, хэнд ямар хуулиар татвар төлөхөө мэдэхгүй үлдэж далд эдийн засгаа дахин тэлэх болно гэдгийг анхааруулж байгаа юм. Нэгэнт эхэлсэн шинэчлэлийг замын дунд нь орхиж, дутуу алсан могой шиг болгох хүсэл шийдвэр гаргагчдад байхгүй л байх, гагцхүү улс төрийн барьцаа гэж айхтар занганд л эргэлдээд байх шиг. Энэ удаад хийж чадахгүй бол хэдэн жилийн дараа далд эдийн засаг улам цэцэглэж, дахиад л эдийн засгийн өршөөлийн хууль хэрэгтэй хэмээн ярьцгааж байх вий.

Д.НАРАНТУЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна