Монголын гурван үйлдвэрт мах экспортлох зөвшөөрөл олгожээ

2016 оны 2 сарын 18

Монгол Улс 20 сая толгой малтай байхад 5-10 саяыг нь экспортод гаргах боломжтой хэмээн мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр малын тоо толгой 55 саяд хүрсэн. Энэ үед Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас /ХХААЯ/ эхний ээлжид БНХАУ руу их хэмжээний малын мах экспортод гаргах боломжтой хэмээн зарлаад байгаа билээ. Тэгвэл энэ ажил тун нааштай байгаа хэмээн тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд мэдээлж байна. Одоогийн байдлаар БНХАУ руу мах экспортлох зөвшөөрлийг баруун аймгийн гурван боловсруулах үйлдвэрт өгчээ. Дээрх гурван үйлдвэрийн хувьд 100 хоногт 4000 тонн мах бэлтгэх хүчин чадалтай юм байна. Үйлдвэрүүдийн махыг Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор тээвэрлэхээр тохиролцжээ.

Гэхдээ БНХАУ-аас зөвхөн баруун аймгаас мах авах хатуу шаардлагыг тавьж байгаа юм. Учир нь, зүүн аймгуудад шүлхий тэргүүтэй малын өвчин гардаг учраас ийнхүү шаардлага тавьжээ. Мөн гар аргаар бус, зөвхөн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах авна. Цаашлаад мах бэлтгэх үйлдвэрүүдэд БНХАУ-аас зөвшөөрөл олгоно зэрэг шаардлага тавьж байгаа аж. Гэхдээ энэ нь зөвхөн Монгол Улсад тавиад байгаа өндөр шаардлага бус дэлхий нийтийн жишиг гэдгийг ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд тодотголоо.

Манай урд хөршийн хувьд махны маш том зах зээлтэй. Тиймээс энэ зах зээлийг алдахгүйн тулд стандартаа нарийн мөрдөж ажиллах хэрэгтэй хэмээн албаныхан тайлбарлалаа. Ямартай ч Монголын талаас мах экспортлоход шаардлагатай бэлтгэл ажлаа дуусчээ. Мах экспортонд гаргах боломж бүрдсэн хэмээн тайлбарлаж байна. Гагцхүү экспортод гаргах малаа зөвшөөрөлтэй үйлдвэрт бэлтгэсний дараа Хятадын талтай худалдааны гэрээ  байгуулах юм. Ингээд урд хөршөөс тавьсан шаардлагын дагуу стандартаа мөрдөж, олон улсын энэ зах зээлд итгэлтэй түнш болох зорилттойгоор ажиллаж байгаа аж.

Эхний ээлжид баруун аймгийн малыг л экспортод гаргана. Харин малын өвчин, халдварыг төр засгаас бодлоготойгоор шийдвэрлэж байж бусад нутгаас экспорт хийх талаар ярина. Ялангуяа мал аж ахуйн салбар, вакцинжуулалт, эмчилгээний зардлыг нэмж, анхаарал хандуулахгүй бол ойрын хугацаанд шийдэгдэхгүй гэдгийг салбарынхан хэлж байна. Тиймээс мал аж ахуйн салбарт тусгах хөрөнгийг нэмэхээс гадна, малын эрүүл мэндийн асуудлыг цогцоор шийдвэрлэсний дараа бүх нутгаас махны экспорт хийх асуудал яригдах юм байна.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна