Анкарад бөмбөг дэлбэрч, 28 хүн амь үрэгдэв

2016 оны 2 сарын 18

Фото: Umit Bektas / Reuters

 

Анкара хотын төвд хийгдсэн дэлбэрэлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 28 хүн болж, 61 хүн шархадлаа гэж Туркийн Засгийн газрын төлөөлөгчийн хэлснийг Reuters дамжуулав. Өмнө нь таван хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн юм.

 

Зэвсэгт хүчний командлал үүнийг алан хядах ажиллагаа гэж үзэж байна. Уг дэлбэрэлтэд Курдын Ажилчны нам эсвэл Исламын улс бүлэглэл  хамаатай байж магадгүй гэж тусгай албаныхан мэдэгдэв.

 

Дэлбэрэлтийн улмаас Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон Азарбайжанд, Ерөнхий сайд Ахмет Давутоглу Брюссельд хийх айлчлалаа хойшлуулжээ.

 

Хоёрдугаар сарын 17-ны оройн ид ачааллын үеэр Туркийн нийслэлийн захиргааны төвд уг дэлбэрэлт болсон. Армийн Жанжин штабын  ажилтнуудыг зөөж явсан автобус гэрлэн дохион зогсох үеэр дэлбэрэлт гарч гал гарсан байна.

 

 

Үүний өмнө Сирийн нутгийг Турк буудаж байгааг НҮБ-ын Аюулгүй зөвлөл санал нэгтэйгээр буруутгасан шийдвэр гаргасан юм. Дараа нь Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон  Сирийн курдуудыг буудсааар байх болно хэмээн мэдэгдсэн.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна