Футзалын идэрчүүдийн УАШТ болж байна

2016 оны 2 сарын 18

Футзалын идэрчүүдийн УАШТ-ий шигшээ тэмцээнд шалгарсан шилдэг багууд хэсгийн тоглолтоо хийсээр байна. Өчигдөр хуваарийн дагуу нийт есөн тоглолт футзалын ордонд явагдсан. 15 хүртэлх насанд өрсөлдөж байгаа “Хараацай” клуб хэсгийн хоёр дахь тоглолтоо “Солонго-Халиун Од” багтай хийж үндсэн цагт 4-1 харьцаатай ялсанаар 4 оноотой хэсгээ тэргүүлж эхлээд байна. Сэлэнгэ аймгийн баг өчигдрийн тоглолтонд “Говь-Алтай” аймгийн багийг 6-4 харьцаатай ялсанаар “Хараацай” багийн хамтаар ижил 4 оноотой хэсгээ тэргүүлж байна.  15 хүртэлх насны “D” хэсэгт багтсан “Зөгийнүүд” хэсгийн сүүлийн тоглолтоо “Дэрэн” клүбийн эсрэг хийж ялагдсанаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Учир нь энэ хэсэгт гурван баг өрсөлдөж байгаагаас тэд оноо авч чадалгүй тэмцээнийг орхихоор болжээ.

Тэмцээний 17 хүртэлх насны зарим багууд мөн хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ. Тэмцээний “А” хэсэгт багтсан “Говь-Сүмбэр” аймгийн баг ээлжит нэгэн ялалтаа “Хан-Уул” дүүргээс салгаж чадсанаар хэсгээ итгэл төгс хошуучилж байгаа бол “Говь-Алтай” аймгийн баг харамсалтай нь ялагдсанаар хэсгийн сүүл мушгиж байна. Тэдэнд тэмцээнийг үргэлжлүүлэх боломж ерөнхийдөө үгүй болсон гэж хэлж болно.  Харин тэднийг ялсан “MAGICFOOT” 4 оноотой болсоноор өөрсдийн боломжоо ахиуллаа.

Хөдөө орон нутгийн багууд бүс тус бүрт хуваагдан урьдчилсан шатны тэмцээнд оролцож ийнхүү шигшээд оролцох эрхээ аваад байсан. Тэгвэл эдгээр багуудын төлөөлөл болсон “Сэлэнгэ” болон “Дархан-Уул” аймгийн багууд өнөөдөр өрсөлдөгч нартаа ялагдлаа. Дээрх аймгийн багууд тэмцээний В хэсэгт “Дэрэн” болон “Хараацай” гэсэн туршлагатай багуудтай өрсөлдөж байгаа билээ. Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын хувьд аль алинд нь боломж тун хүнд байна.

17 хүртэлх насны С хэсгийн тэргүүлэгчид болох “Эрчим”, “Улаанбаатарын Унаганууд” хоорондоо тааран тоглож Унаганууд ялалт байгуулсанаар хэсгээс гарах эрхээ нэгэнт баталгаажуулж чадлаа. Мөн Идэрчүүдийн лигийн тэмцээнд оролцох эрхээ ч давхар авсан гэж хэлж болно. Харин “Арвис” энэ тэмцээнд хамгийн холоос оролцож байгаа “Баян-Өлгий” аймгийн багийг буулгаж авсанаар “Эрчим” клүбтэй ижил 3 оноотой боллоо.  

 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна