Нефтийн олборлолтыг хязгаарлахыг Иран дэмжив

2016 оны 2 сарын 18

Фото: Reuters

Нефть экспортлогч орнуудын нефтийн олборлолтыг өнөөгийн төвшинд барьж, цаашид нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг Иран дэмжжээ. Тегеран хотноо Венесуэл, Ирак, Катарын  төлөөлөгч нартай хийсэн хэлэлцээрийнхээ дараа Ираны Нефтийн сайд Бижан Намдар Зангане  энэ тухай мэдээлснийг хоёрдугаар сарын 17-ны орой Ираны “Шана” агентлаг дамжууллаа. Уг уулзалтаар нефть олборлолтын дундаж төвшинг 2016 оны нэгдүгээр сарын хэмжээнд барьж байхаар ярилцсан юм.

“Энэ алхам бол анхных нь. Үүгээр зогсох ёсгүй. Энэ алхам ОРЕС-ийн болон бусад нефть үйлдвэрлэгч орнуудын цаашдын хамтын ажиллагааны  эхлэл болох ёстой юм” хэмээн Зангане мэдэгдэв.

Иран хоригт байх хооронд бусад үйлдвэрлэгчид нефтийн олборлолтоо нэмэгдүүлж байсан. “Тийм учраас бид өөрийн олборлолтоо хоригийн өмнөх хэмжээнд хүргэх эрхтэй” хэмээн ОРЕС дахь Ираны төлөөлөгч Мехди Асали мэдэгдсэн учир Иран олборлолтыг хэмжээнд нь барих асуудлыг дэмжихгүй гэсэн яриа гарч байсан юм.

Үүний өмнө хоёрдугаар сарын 16-нд ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак, ОРЕС-ийн зарим гишүүнтэй Катарын Доха хотноо хэлэлцээр хийж нефтийн олборлолтыг нэгдүгээр сарын 11-ний өдрийн хэмжээнд барихаар шийджээ. Удалгүй Катар, Венесуэл, Ирак энэ шийдвэрт нэгдсэн юм.

Иранаас ирж буй мэдээний дагуу дэлхийн нефтийн үнэ биржийн арилжаагаар нэмэгдэж эхэллээ. Brent маркийн нефтийн гуравдугаар сарын фьючерсийн үнэ Лондоны бирж дээр (ICE) 6,4 хувиар нэмэгдэн баррель нь $34,55-аар арилжаалагдав. Заримдаа 35 ам.доллар хүрч байв.

Нью-Йоркийн  барааны бирж (NYMEX) дээр WTI маркийн нефтийн нэг баррель 5,6 хувиар нэмэгдэн $30,66 долларын төвшинд очжээ.

Мөн Ираны шийдвэрийн дараа ОРЕС-ийн бас нэг гишүүн Арабын Нэгдсэн Эмират олборлолтын төвшинг барих гэрээнд нэгдэж буйгаа зарлав.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна