Төсвийн компаниуд?!

2016 оны 2 сарын 18

Эдийн засаг хямарлаа. Үндэсний үйлдвэрлэгчид хэцүүдсэн. Бизнес хумигдлаа гэж сүүлийн хоёр жил сөрөг хүчин хийгээд амтай болгон ярих болов. 17 хувийг зааж байсан өсөлт тал хувиар уналаа гэж баалж байна. Үнэн ч биз. Хэтэрхий хөөсөрсөн эдийн засаг хагарсан ч биз. Гэхдээ бид өнөөг хүртэл юу хийж бүтээсэн болоод тэрхүү эдийн засгийн өсөлттэй байсан юм бэ?

2012 оноос хойш юу болов. Бизнесийн орчныг яаж хумив. Нэг нам нөгөөгөөр солигдоход үндэсний хэмжээний үйлдвэрлэгчид нь яагаад шилээ дагаад нурав. Үүнд эдийн засагчид мөнгөний, төрийн бодлого, хөрөнгө оруулалт гээд олон талын юм ярих байх л даа. Тэгэхээс ч өөр аргагүй. Гэхдээ үндэсний гээд буй томоохон компаниуд маань баялаг бүтээж бус төсвөө идэж л амьдардаг юм биш үү?! Тиймээс идэх мөнгө нь үгүй болчихоор хамраараа газар хатгана биз дээ. Бүтээгдэхүүнээ борлуулж, түүнийхээ ашгаар амьдардаг компаниудад бол төр мөнгөтэй байх эсэх нь нэг их падлийгүй. Харин төрийн тендер авч, түүнд нь зориулсан бараа, бүтээгдэхүүн шахдаг компанид бол төр мөнгөтэй байх нь оршихуйтай нь холбоотой. Төрийн эрх мэдэлтнүүдийн халаасыг зузаатгадаг төсвөөр тэжээгддэг компаниуд олширсон. Эрх мэдэлтнүүдийн ах дүү, хамаатан садан, үр хүүхэд эдгээр компаниудыг тэргүүлдэг нь ч нууц биш. Учир нь, төрийн эрх мэдэлтэн хөрөнгө, орлогоо мэдүүлэхийн зэрэгцээ хувийн бизнестэй байж болохгүй учраас ийм өнгөлөн далдлалт хийхээ тэд нэг муу юм гадарлаад байгаа юм. Нэрэн дээрээ компанигүй ч нэдэр дээрээ компанийн захирлууд 76 дотор чихцэлдээд сууж байгаа. Зарим нь бүр давхар дээлтэй, яам сандайлаад сууж байгааг би ч мэднэ, та нар ч мэдэж байгаа.

Төсвөөс тэжээгддэг тендер цохиж ашиг олдог компаниудаа тэжээхийн тулд төрд шургалах ганц л зам бий. Тиймээс л сонгууль гэхээр амиа тавин байдгаа цацаад байдаг нь аргагүй. Төрд шургалж, албан тушаал ахиж чадахгүй бол ар гэрийнх нь компани ашиггүй ажиллаад эхлэх учраас. Тэгээд л сонгуульд худлаа үнэн амалж гарч ирэх нь л чухал. Тиймээс л баруун солгойгүй бэлэн мөнгө амалж, байдгаа цацаад ч болов гарч ирэхээс өөр аргагүй. Хажуугаар нь эх оронч царайлж худлаа үнэн ярьж шоудахдаа хөрөнгө оруулалтыг үргээчихсэн учраас төрд орж ирэх мөнгө буурна. Төрд орж ирдэг мөнгө нь байхгүй болохоор түүнээс тэжээгддэг компаниуд нь орлогогүй болно. Ердөө л энэ.

Тиймээс эрх мэдэл, засаг барих, сайд болох гэж үхэлдээд байдаг нь тэр. Эрх мэдэл хэнд байна. Тэр тендерийг шийднэ. Тэр тендерт нөлөөлнө. Түүний бизнес цэцэглэнэ. Ийнхүү цэцэглэж явсан бизнес эрх мэдлээ алдчихаар хагдрахгүй яах вэ...

Амьдралынх нь эх булаг болсон бизнес нь унахаар бухимдахгүй хаачих вэ? Тиймээс л ард түмний амьдрал хэцүүдээд байна гээд орилохгүй хаачив гэж. Хашгирагч маань өөрөө ард түмэн, бизнесийн нэгэн эд, эс болохоор тэжээлгүй болчихоор бухимдахгүй хаа холдох юм.

Ийм болохоор л сонгуулиар баруун солгойгүй мөнгө цацаж гараад, гарсан хойноо шархаа нугалж нөхөхийн тулд ханцуй шамлан, үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжих нэрийдлээр өөрсдийнхөө халаасыг зузаатгадаг. Энэ ч үүднээс элдэв шахаа, техникийн шинэчлэл бодож олно. Нийлүүлэгч, зуучлагч, зөвлөх гэсэн гоё гоё нэр томъёотой компаниуд байгуулна. Түүгээрээ дамжуулж цаас үйлдвэрлэнэ, гоё гоё мөрөөдлийн зураг, төсөөллийн бүтээн байгуулалт хоосон сүндэрлүүлж төрийн мөнгө хүүлнэ. Тэр цаасаар бол бид аж үйлдвэрийн паркууд, боловсруулах үйлдвэр, төмөр зам, нано технологи гээд дэлхийд дээгүүрт бичигдэх улс болтлоо хөгжиж яваа даг. Харин бодит амьдрал дээр бол ядруухан Эрээнийг хөгжүүлсэн импортлогч улс. Одоо Эрээнийгээ ч тэтгэж чадахаа байсан.

Нөхцөл байдал ийм, үйлдвэрлэгч үгүй. Үйлдвэрлэл хийх гэхээр боловсон хүчнээс эхлээд туршлага, санаа, шийдэл юу ч байхгүй улс яах ч билээ. Мэдэхгүй юмныхаа дайсан хойно эдийн засгаа сайжруулах төсөл хөтөлбөрийг гацааж, түүнийгээ ажил хийдэггүй, бэлэн будаа халбагадах дуртай залхуу ард түмэндээ “эх оронч”, “газар шорооны төлөө” гэж тайлбарлаад суух нь хавьгүй дээр.   

Энэ л зүй тогтол чимээгүйхэн бидний нийгэмд бүрэлдсэн. Одоо түүнээсээ салах хүсэл хэн хэнд нь ч байхгүй. Эрүүл зүй тогтол үгүй болохоор бүгдээрээ төсвийн мөнгийг шимж, түүнээс тэжээл авна. Илүү их мөнгө тонших суваг гаргаж чадсан нь үндэсний томоохон үйлдвэрлэгч болно. Гүйцээ. Энэ бүхнээ зөв гэж тархи угаахын тулд хэвлэл мэдээлэлд мөнгө зарна. Зарим нь бүр худалдаж авна. Одоо энэ явцуу аргад нь хууртагдахгүй болохоор “пиарчид” хөлсөлдөг болсон.

PR шинэ эрэлт...

Олон нийтийн тархийг угааж байгаа хүмүүс овоо хэдэн төгрөг салгана биз дээ. Ингээд өөр өөрсдийнхөөрөө солиорно. Төрийн мөнгийг хувааж идэх дон сонгуулийн мөнгө рүү энэ цаг үед шилжиж байна. Үүнийг дагаад нэгэн нарийн мэргэжил эрэлт ихтэй болсон нь “тархи угаагч”. Олон нийтийн сэтгэл зүйг түй ч мэдэхгүй, ганц клипнээс цааш хэтрэхгүй бацаанууд “жинхэнэ алаад өгдөг” гээд PR-ийн компани байгуулчихсан явж байх жишээтэй.

Салбарынхан маань ч үүнд нь итгэчихсэн, тараах мөнгөнөөс нь ахиухан тоншихоор улайрч дор бүрнээ телевизийнхэн нь телевизээр, сонин сэтгүүлийнхэн нь сонин сэтгүүлээр, цахим сайтынхан нь цахимаар мэдээллээ цацвал илүү үр дүнтэй гэхчлэн өөрсдийгөө рекламдана. Ер нь сонгуулиар бүгдээрээ л хэдэн төгрөг олох гэдэг болсон нь бидний эмгэнэл.

Таксины жолооч хүртэл машинаа, өөртэйгөө хамт түрээслэнэ гээд явж байна. Сонгуулийн ямар нэгэн ажил олоогүй нэг нь саналаа зарахаа мэдэж л суугаа. Гэр бүлийн гишүүд намчирхаж, сонгууль дөхөөд ирэхээс бие бие рүүгээ зэхэлзэж, барилцах нь холгүй бид солиордог болсон.

Монгол улс бүхэлдээ сонгуулиар амьсгалах тэр цаг ойртож байна. Энэ үеэр бидний тал нь нэр дэвшигч, үлдсэн нь “тархи угаагч” болж хувирна. Угаасаа тэгдэг юм хойно. Манай намын гишүүн гэж С.Данзанг өмчилдөг нэгэн хүчин “Иргэн баян бол улс баян” гээд л байгаа. Тэр нь цаад утгаараа өөрсдийгөө, өөрсдийнхөө хамсаатныг хэлээд байгаа хэрэг. Тиймээс баяжихын төлөө байдгаа цацах бол энүүхэнд. Нэгэн намын дарга өнгөрсөн сонгуулиар “Мөнгө тарааж, санал худалдаж аваад ч болов сонгогдоорой. Сонгогдохгүй бол шоронд явна шүү” гэж гишүүддээ хэлсэн талаар нэр дэвшигч нь ярьж явахыг сонссон. Үнэн байсныг нь сонгуулийн үр дүн, түүний дараах үйл явц харуулсан.

Зуучлагч...

Сонгуулийн дараа намрын бороо цас болон хувирах шиг эрх мэдлийг хэн авснаас шалтгаалаад нэгэн бүлэг хүмүүс гарч ирнэ. Тэр нь зуучлагч. Төрийн байгууллага, үйлдвэрлэгч хоёрыг холбох гүүр гэж гоёор тайлбарлая даа. Мөнөөх үйлдвэрлэгч нэртэй чанар муутай барааг өндөр үнэтэй шахдаг нийлүүлэгч маань шуудхан эрх мэдэлтэн, албан тушаалтантай холбогдоод аяыг нь олохгүй бол алтан бизнесээ нурааж мэдэх учраас зуучлагч түүнд дуртай. Эрхтэн, дархтан нийлүүлэгч шууд харилцвал ёс зүйгүй үйлдэл. Тэгээд ч тендерт шалгаруулсныхаа төлөө тэдэн төгрөг авахаа түс тас хэлэлтэй биш. Тиймээс өөрийн сонирхлоо, үнэлгээгээ зуучлагчаар дамжуулах нь хавьгүй амар. Хал ч бага. Ийм болохоор эрх мэдэлтэн зуучлагчид бас дуртай.

Зуучлагчийн үүрэг дээр албан тушаалтан, томоохон бизнесээс эхлээд сургуулийн үйлчлэгчээр ажилд ороход хүртэл чухал ач холбогдолтой. Ийм чухал үүрэг гүйцэтгэдэг учраас зуучлагч ч өөрийн гэсэн ханштай. Унацтай.  

Тиймээс л аль ч нам ялгаагүй. Нам болгонд эрх мэдлээ бэхжүүлэх гэсэн хэ­сэг, бүлэг бий. Намын эрхэнд гарвал төрийн, төрийн эрх мэдэлд гарвал мөнгөний эрх мэдлийг авах учраас өнөөдөр нам өргөжиж байна. Бизнесээ нэмэгдүүлье гэвэл нам дагадаг, дагадаггүй юмаа гэхэд ивээн тэтгэдэг болоод байна. Төрд мөнгө их байна гэдэг нь өөрөө төрийн үүрэг их байгаагийн илрэл.

Ийм байлгахын тулд улстөрчид буянтны дүр эсгэн, улсын сан хөмрөгөөс өглөг тарааж эхэлдэг. Өөрийнх нь мөнгө биш болохоор арвилах гэсэн ойлголт байхгүй.

Ингээд бодохоор Монголд ажил хийдэг, баялаг бүтээдэг хүн туйлын ховор. Энэ хэвээрээ цаашаа хэр удаан үргэлжлэхийн хэн мэдэх билээ, гэхдээ удаан үргэлжлэхгүй л болов уу. Угаасаа энэ замаар явбал удахгүй арчигдах нь тодорхой. Учир нь үнэгүй хоол хавханд л байдаг.

 Л.НАРАНТӨГС 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна