Бие даагчдаас С.Ганбаатар оролцоно

2016 оны 2 сарын 18

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээх хугацаа товлосон цагаасаа хоёр цаг орчмоор хоцроод байна. Одоогоор танхимд 33 гишүүн ирж, ирцээ бүртгүүлжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 30 гишүүн, үүн дээр УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар, С.Дэмбэрэл нар ирсэн байгаа юм. Бие даагч гишүүдээс С.Ганбаатар ээлжит бус чуулганд оролцохоо мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин Х.Болорчулуун гишүүнтэй холбогдох гээд чадахгүй утсаа авахгүй байгаа аж.

Засгийн газрын гишүүдийг чуулганы нээлтэд оролцуулахыг ихэд чармайж байгаа ч Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ мөн утас нь холбогдох боломжгүй гэсэн хариуг өгч, хэл авалцаж чадахгүй ирц бүрдүүлэх ажил үргэлжилж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ардчилсан намыг ирцээ бүрдүүлсэн цагт ээлжит бус чуулганд оролцохоор өрөөндөө сууж буй юм.


ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД 32 ГИШҮҮН ИРЖЭЭ

09.35

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хоёр дахь удаагаа 09.00 цагт товлосон ч ирц бүрдэхгүй байна. Одоогоор чуулганы танхимд 76 гишүүнээс 32 гишүүн ирсэн байгаа юм. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс нийт 30 гишүүн, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар нар иржээ. Ирцийг 50 хувьд хүргэхэд 39 гишүүн чуулганы танхимд ирж, ирцээ бүртгүүлснээр бүрдэх юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 35 гишүүнтэй, тэднээс дөрөв нь гадаадад томилолттой ажиллаж байсан. Гадаадад ажиллаж байсан гишүүдийг эргэн ирэхийг Мягмар гаригт зар түгээсэн аж. Тэднээс УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар ирж амжсан байгаа бол УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нар хараахан ирж амжаагүй байна.

УИХ дахь МАН-ын бүлэг “Олонхи ирцээ бүрдүүлсэн нөхцөлд чуулганы нээлтэд оролцоно" гэдгээ мэдэгдсэн. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг ирцээ бүрдүүлж, таван гишүүн нь ирэхгүй бол ээлжит бус чуулганы нээлт хойшилсоор байх төлөвтэй боллоо. Түүнийг дагаад ээлжит бус чуулганы нээлтийг ирцээр “бойкотолдог” жишгийг МАН мөн тогтоох болж байна.

Бие даагч гишүүдээс нэг ч төлөөлөл ирээгүй байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс зөвхөн Шадар сайд Ц.Оюунбаатар л ирсэн байгаа юм.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна