Эрүүгийн эрх зүйн шинэчлэл хүний эрхийг хамгаална

2016 оны 2 сарын 18

Улс төрийн намууд сонгуульд өрсөлдөж, засаглалын эрхийг авах гэж улайрахаас илүүтэйгээр тэр засаглал, эрх мэдлийн тусламжтайгаар ард түнийхээ эрхийг хамгаалсан ямар бодлого баримталж, ажиллах вэ гэдгээ тодорхойлдог болох ёстой гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үзэж байна. Тэрбээр албан тушаал, ашиг сонирхлын төлөө биш улсаа хөгжүүлэх, ашигтай бодлого хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намууд бодлогын нам болон шинэчлэгдэх шаардлагатайг тодотголоо. Ардчилсан нам дотроо бодлогын зөвлөлийг байгуулж, салбар салбараар нь ангилан УИХ-аар батлагдсан, өргөн барьсан хууль, эрх зүйн асуудлыг хөндөн хэлэлцдэг болжээ. Өчигдөр /2016.02.17/ болсон хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцсон юм. Эрх зүйн шинэчлэлтийг зөвхөн нам дотроо ярих биш, илүү өргөн хүрээнд хуульч, эрх зүйчдийн санал, шүүмжлэлийг сонсож, батлагдсан хуулийн хэрэгжилт,  хуулийн төсөлд олон талын байр суурийг тусгадаг байх нь зөв гэж Х.Тэмүүжин гишүүн үзэж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад Эрүүгийн эрх зүйн шинэчлэлт хурдацтай хөгжсөн. Одоо зөвхөн Эрүүгийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд дагалдах Эрүүгийн процессын хуулиийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар яаралтай хэлэлцэж, батлах. УИХ-д өргөн барьсан Эрүүгийн процессийн хуулиад яаж хэрэг бүртгэгч прокурор, мөрдөн байцаагч, өмгөөлөгчид албан үүргээ гүйцэтгэхдээ ямар арга техник, дүрэм журмыг баримталж ажиллах вэ? Яавал хүний эрхийг хамгаалж, эрүүдэн шүүхгүйгээр шударга ёсыг бодитоор тогтоох тогтолцоо руу шилжих вэ гэдгийг тодорхойлсон бодлогын төв цэг дээр нь очсон гэж Х.Тэмүүжин гишүүн тайлбарлалаа.

Шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн тухай хуульд гэмт хэрэг хийсэн этгээдэд зөвхөн шоронд хорьж, эрх чөлөөг нь хязгаарлах биш. Хийсэн гэмт хэрэг нь хэр ноцтой, хор хохирол бусдад учруулснаас нь хамаарч шийтгэдэг байх заалтууд бий. Жишээлбэл, автомашин барьж яваад осол гаргасан жолоочийг заавал шоронд ял эдлүүлэх биш. Машин барих эрхийг нь тодорхой хугацаанд хасаад ажлаа хий. Гэхдээ зөвхөн ажил, гэр хоёрын хоорондоо л зорчих маршрутыг тодорхой зааж өгөх аж. Мөн баар, цэнгээний газраар үйлчлүүлэх ёсгүй зэрэг шаардлагуудыг тавьдаг болох юм. Энэ нь бусдын эрхийг зөрчихгүй, гэхдээ хариуцлага оновчтой тогтоогоод осол гаргасан жолоочид буруугаа ухамсарлах боломж олгосон хэлбэр болж өгөх юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна