Жолооны хуучин үнэмлэхтэй бол солиорой

2016 оны 2 сарын 18

Жолооч нарын дунд хуучны шар үнэмлэхтэй хүмүүс цөөнгүй байдаг. Эдгээр иргэдийг хуучин үнэмлэхээ солихыг шаардаж, солиогүй тохиолдолд торгож, зарим цагдаа нар хуучин үнэмлэхийг хураан авч  байна гэсэн мэдээлэл гадуур түгжээ. Тиймээс бид энэ талаар тодрууллаа.

Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан ахлах дэслэгч Х.Одбаяр мэдээлэхдээ:

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй байх хугацааг зааж өгсөн байгаа. 17 дугаар зүйлийн  2-т “Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгоно. Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох үед тухайн жолоодох эрхийн үнэмлэхний  хүчинтэй байх хугацаа гурван жилээс хэтрэхгүй байвал уг хугацаагаар хязгаарлана гэж заасан байдаг.

Гэтэл  өмнө нь хэвлэгдэж байсан хуучны шар  үнэмлэх дээр  хугацаа байдаггүй. Иймээс шар үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төв сольж байна. Ингэхдээ ямар ч торгууль шийтгэл ногдуулаагүй. Замын цагдаагийн алба хаагчид шар үнэмлэхтэй жолоочид хэлж, анхааруулаад явуулж байгаа болохоос торгуулийн арга хэмжээ авахгүй байгаа гэлээ.

Хүний царай төрх жилээс жилд өөрчлөгдөж байдаг. Ахимаг насны хүмүүс залуу цагийн төрхөөсөө танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, таргалж, турж байдгаас жолооч цагдаа нарын дунд маргаан үүсэх нь бий гэнэ. Тиймээс ашиглах хугацаа заагаагүй хуучны шар үнэмлэхийг шинэчлэхээс аргагүйд хүрчээ. Хуучин үнэмлэхтэйгээ замын хөдөлгөөнд оролцож явахад нь цагдаа нар хуучин үнэмлэхийг хүчингүйд тооцож, хураан авч байгаа гэдэг нь ташаа мэдээлэл гэж албаны хүн тодотгов. Иргэд өөрийн хүсэлтээр, эсвэл авто машин жолоодох эрхээ түр хугацаагаар хасуулсан тохиолдолд хуучин үнэмлэхийг нь устгаж, дахин үнэмлэх олгохдоо шинийг хэвлэн өгч байгаа ажээ.

Жолооны хуучин шар үнэмлэхээ солиулах хүсэлт гаргасан бол шинэ үнэмлэхийг ажлын гурав хоногийн дотор хэвлэх боломжтой. Жолооны үнэмлэхтэй холбоотой мэдээллийг 70006996 тоот утсаар тодруулан асууж болох юм байна. Хуучин үнэмлэхээ шинэчлэх хүсэлтэй иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлэн Баянзүрх дүүрэгт байрлах Лицензийн төвд очихыг мэргэжилтэн зөвлөв.

ҮНЭМЛЭХ СОЛИУЛЖ ШИНЭЭР ХЭВЛҮҮЛЭН АВАХ БОЛ

Жолоочийн үнэмлэх хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх солиулах бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа.

  2. Цээж зураг 1% /3х4см/

  3. Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон./ 

  4. Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/

  5. Хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх

Жич: Жолоодох эрхийн үнэмлэх солиулсан тохиолдолд ажлын 3 хоногт хэвлэж олгоно.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна