Хар зах-ын хэрэглээ мөнхийн хэрэглээ байсаар байх уу?

2016 оны 2 сарын 18

Монголчуудын дунд зах дээр л хамгийн хямд бараа бүтээгдэхүүн байдаг, тэндээс л авсан бараанууд хамгийн боломжийн, зах дээр ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байдаг гэсэн ойлголт түгээмэл. Энэ ойлголт ч үеэс үед түгж ирсэн нь үнэний ортой. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжсэн өнөө үед хямд үнэтэй бараа гэхээсээ илүүтэйгээр өөр бусад шаардлагууд худалдан авалт хийхэд нөлөөлж байна.  Хэрэглэгчдийн худалдан авалт хийх шаардлага нөхцөл илүү боловсронгуй болж орчин нөхцөл, сонголт, хүргэлт, захиалга хийхэд хялбар байх, урамшуулал механизмын  хэлбэрүүд худалдан авалт хийх процесст нөлөөлдөг болжээ. Тэгвэл энэ үеэс дахин өөрчлөгдөж байгаа өөр хүчин зүйлүүд үндэстний хэмжээнд нөлөөлсөөр байна.

Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүнд эрүүл ахуйн аюулгүй байдал, хэрэглээний стандарт, хадгалалт тээвэрлэлтийн нөхцөл, худалдаалж буй орчин, худалдагчийн ариун цэвэр гэх мэт асуудал үргэлж хөндөгдсөөр. Хугацаа нь дууссан барааны хугацааг засах, өндөг гэх мэт өдөр тутмын барааг зориулалтын хөргөгч, хөлдөөгчид хадгалахгүй байх нь эргээд л иргэн таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх юм. Нэг ёсондоо баталгаатай орчноос, хадгалалтын горим зөрчигдөөгүй, хугацаа нь дуусаагүй чанартай бүтээгдэхүүнийг сайтар шалган авч хэвшихгүй бол та өөртөө мөнгөөр хор худалдан авч байна гэсэн үг юм.

Өдөр тутмын хэрэглээ болсон өндгийг жишээ болгоё. "Өндөг бол тансаг хэрэглээ" гэсэн мэдрэмжгүй тайлбарыг нэгэн төрийн түшээ хийж байсан ч, өндөг бол яалтачгүй иргэдийн тогтмол хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэг болсон.  Нөгөө талдаа хадгалалтын горим, хугацааг сайтар баримтлахгүй бол эргээд л хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, хордлогод оруулах аюултай бүтээгдэхүүн гэдгийг эмч нар сэрэмжлүүлдэг.  Өндгийг хадгалах шаардлага өндөр. Шинэ өндгийг -0-5 градусын температурт 3-5 долоо хоног хадгалах горимтой, огт хөлдөөж болдоггүй. Өнгөрсөн хавар гэхэд л 10 хүн өндгөнд хордож, Халдварт судлалын үндэсний төвд хүргэгдэн, хэвтэж эмчилгээ хийлгэсэн байх юм. Иймээс л худалдан авагчид найдвартай, баталгаатай газраас хүнсний бүтээгдэхүүнээ сонгох шаардлага бий болсоор. Жишээлбэл иргэн та захаас өндөг авах, томоохон дэлгүүр, супермаркетаас худалдан авах хоёр асар их ялгаатай. Томоохон дэлгүүрүүд бол нэр нүүрээ, цаашдын бизнесийн хүрээгээ бодож аль болох найдвартай, баталгаат худалдааг явуулахыг зорьдог. Бүтээгдэхүүн нь шаардлага хангаагүй ч буцаж очоод, гомдлоо барагдуулахад асуудалгүй байдаг тухай супермаркетуудаар үйлчлүүлээд сурсан иргэд сайшаан ярьдаг билээ.

Өөр нэг онцгой анхаарах ёстой худалдаа бол хүүхдийн тоглоом. Орон нутгийнхан хотод ирэхдээ ихэвчлэн хүүхдэдээ л тоглоом, хувцас, амттай чихэртэй очихыг хичээдэг. Ингэхдээ бас л захыг зорьдог. Зах зорьсон иргэдийг буруутгах аргагүй тэнд хямд үнэ байдаг гэсэн ойлголт олонход нь байдаг.  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй хүүхдийн тоглоомын аюулгүй байдал, чанар, хорт бодис агуулсан эсэхийг саяхан судалж үзжээ. Судалгаагаар есөн зах, худалдааны төвд худалдаж байсан 62 төрлийн тоглоомоос 23 төрлийн химийн элемент, таван төрлийн химийн хорт бодис илэрчээ. Хүүхдийн тоглоомын бүтэц найрлагад огт байх ёсгүй хар тугалга, цайр, хром, хөнгөн цагаан зэрэг хорт бодис судалгаанд оруулсан тоглоомоос илэрсэн байх юм. Ялангуяа хар тугалга бол хүүхдийн тоглоомын найрлагад байх ёсгүй, хорт чанартай бодис байна. Ингээд мэргэжлийн байгууллага нь шинжлээд хүүхдийн хуванцар, хаймран тоглоомууд хорт бодис агуулсныг тогтоогоод байхад захуудад ил задгай, шороо тоосонд дарагдсан хэрэглээний бус хуванцар сав суулга, хүүхдэд хортой материалаар хийгдсэн хүүхдийн тоглоом, ачаалал тооцоолоогүй хуванцар, хаймран сандал, тавилга зэрэг худалдагдсаар л байна. Иймээс л хүүхдийн, өөрийн эрүүл мэндээ бодож эцэг эхчүүд ил задгай худалдаанаас  аль болох  зайлсхийхийг санал болгож байна. Буруу сонголт таны эрүүл мэндэд муугаар нөөлөөлж, өвчин тусах эхлэл болох нь ээ.  Өөрөөр хэлбэл худалдан авалт хийж байгаа хэрэглэгч та, би, таны гэр бүл, үр хүүхэд, жирэмсэн эх, цаашлаад үндэстний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний хор хохирлыг хадгалалтын горим нь зөрчигдсөн баталгаагүй, эх үүсвэр нь тодорхойгүй бараа, бүтээгдэхүүнүүд учруулж эхэлжээ. Энэ бүхэн яг үнэндээ хаанаас үүдэлтэйг Монголчууд маань ойлгож байгаа болов уу? Буцаагаад эндээс үүссэн асуудлуудаа зохицуулах гэж эм тан , эмнэлэг, төрийн зохицуулалт хийх гэж мунгинаж төр лүү асуудлыг бухсаар даруй 30 гаруй жил болох нээ.

Асуудлын гол нь та? Хаанаас юу худалдан авах вэ? Амьдралын зөв хэв маяг, эрүүл амьдрал, зөв хооллолт, зөв газраас сонголт хийх эрх нь танд байгаа.   

Монголын хэрэглэгчдэдээ зах төвтэй хандлагаасаа агуулах худалдаа, бөөний төвтэй хандлага руу шилжье гэж уриалмаар байна. Энэ уриалгыг яагаад гаргаж байгааг тайлбарлах  гэж оролдъё. 

За үнийн тухайд  зах дээр хямдхан байдаг гэдэг ойлголт сая сар шинийн баяраар үнэхээр худлаа гэдэг нь батлагдлаа.  

Хил хаасан шалтгаанаар үрлэн помидор, ногоон өргөст хэмх захууд дээр 20000 хүрч, цагаан идээ үнэд орж, цагаан ааруул 20000, алим 6000, “Мах импекс”-ийн хиамнууд тасарч, жимс хүнсний ногоо  болох төмс-1100,  лууван-1800,  байцаа-1800, ясгүй усан үзэм-10000-20000,  3500-ын алим-6000 болж үнэ нь тэнгэрт хадлаа.  Чанар муутай хятадын бараануудыг бэлгэнд өгөхөөр овоорч байлаа. Энэ жил нөгөө үнийн хиймэл хөөрөгдөл гэдэг нь захууд дээр жинхэнэ утгаараа явагдаж, хэний ч хар хяналтгүй үнэ өссөөр байсныг олон хүн дуу алдан шагширч мэдэрч байсны нэг нь магадгүй та ч байж мэднэ. Магадгүй таны өмссөн зүүсэн хамаарч аманд орсон үнээ хэлэх тохиолдолдууд ч цөөнгүй.

Үүнтэй зэрэгцүүлээд үзэхэд нөгөө муу хэлээд байдаг супермаркет, бөөний төвүүд үнийн хөөрөгдөл гээч зүйлд харин ч өртөлгүй үнээ нэмэлгүй, зарим дэлгүүр бүүр эсрэгээрээ үнээ буулгаж байсныг дуулгах гэж миний бие өнөөдөр яарсныг нуух юун.  Жишээ хэлэхэд:

Макст өндөг 220, Сансарын сүлжээ дэлгүүрт нөгөө  тэнгэрт хадсан үрлэн помидор 5000 байсан бол Номин-гийн сүлжээ дэлгүүрт  төмс 750, алим 3499,  өндөг 230, усан үзэм 5499 байснаа битүүний өдөр НОМИН харин ч эсрэгээрээ үнээ бүүр буулгаж  Монгол төмс 699, Алимаа 2999 болгосныг миний бие өөрийн биеэр харлаа.

За нөгөө олдохгүй “Мах импекс”-ийн хиам ганцхан “Номин”-д байсан бол “СҮҮ” компанийн Миний Монголын Сүү зөвхөн Номин, Миний дэлгүүрт байсан.

Тэгэхээр түгжээн дунд чихцэлдэн цаг бараа баран байж очих захуудад яг хямдхан байж чадаж байна уу? За тэгээд эрүүл ахуйн орчин, хадгалалтын стандарт горим, хүнсний аюулгүй байдал энэ тэрийг яриад ч хэрэггүй биз. Наад зах нь нийтийн бие засах газар биеэ засчихаад гараа савандаж угаагаад, бээлийн өмсөөд танд үйлчилж байгаа гэдэгт би л лав итгэхгүй. Хэчнээн хүн эрүүл ахуйн шаардлага хангаагүй муудсан бараа бүтээгдэхүүн аваад  хохирч, хордсоныг хэн ч мэдэхгүй, хордлоо гэхэд буцаагаад буух эзэн  таньд олдох уу? Цаг зав, мөнгө төгрөг, эрүүл мэндээрээ хохирсон мөртөө  тэд чимээгүй л өнгөрдөг.  Харин аль нэг супермаркет, бөөний төв, агуулах худалдаанаас хордсон бол сошиал ертөнцөөс авхуулаад чадах чинээгээрээ тарааж гомдол нэхэгсэд олон. 

Хямд үнэнд нь болж хүмүүс  зах руу хошуурдаг байсан. Тэгвэл энэ үе өөр болсныг дээрх үнийн мэдээллүүд харуулж байна. Үүнээс гадна эрүүл, чанартай хүнс, цаг заваа хэмнэх, дулаахан тайван  найрсаг орчин гэж үнэ ханшнаас илүү  чухал зүйлүүд бидний худалдан авалтад чухал гэдгийг бид ойлгох цаг иржээ.

Номин, Оргил, Миний дэлгүүр, Тэнгэр, гэх мэт ихэнх бөөний төвүүд байнгын  хэрэглэгчдийн хөнгөлөлтийн карт, хямдрал урамшуулалтай. Дээр нь захуудыг бодвол хуулийн дагуу баримтаар НӨАТ-ийн буцаалтаа авчихна. 

Монголын дараа дараагийн тэмдэглэлт баяр олон. Энэ удаагийнх шиг үнийн хөөрөгдөл дахин бүү давтагдаасай билээ.

Эрүүл найдвартай хүнс хаана байгааг бодох цагт нэгэнт болжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна