1000 тэмээ уралдуулна

2016 оны 2 сарын 18

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр"-ыг ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд “Тэмээний баяр”-ыг “Монгол тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж, хоёр бөхт тэмээний уралдааныг дэлхийн дээд амжилт болгон Гиннесийн номонд бүртгүүлэхийн тулд мянган тэмээ уралдуулахаар болсон байна. 19 дэх жилдээ зохиогдох  “Монгол тэмээ-999” өвлийн наадмыг “Түмэн тэмээ” тэмээн аяллын холбоо санаачлан зохиодог бөгөөд Монголын залуучуудын холбоо хоёр дахь жилдээ хамтран ажиллахаар  болжээ.

Говийн хаан хэмээн нэрлэгддэг тэмээний ач тус болоод нүүдэлчин монголчуудын соёл уламжлалыг залуучууддаа таниулах зорилгоор “Монгол тэмээ-999” наадмын сонирхолтой аяллыг залуустаа бэлджээ. Энэхүү аялал нь Улаанбаатар - Мандалговь - Даланзадгад гэсэн  маршрутаар нийт 1000 орчим км аялах бөгөөд замдаа аймаг бүрийн түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхох боломжтой юм байна. Аяллын хөтөлбөрт Торомны уралдаан, Тэмээний музей үзэх, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа үзэж  сонирхох гэхчилэн олон сонирхолтой арга хэмжээ багтжээ.  

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна