“Эрдэс баялаг-2015”: Орон нутаг, иргэдийн түншлэл гол сэдэв

2016 оны 2 сарын 18

Уул уурхай, эрдэс баялгийн салбарт 2025 он хүртэлх бодлогын баримт бичгийг 2014 онд баталсан. Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, уул уурхайн салбарын хөгжлийг жил бүр дүгнэн хэлэлцдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу “Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлэг өнөөдөр /2016.02.18/ “Корпорейт” зочид буудалд эхэллээ. Хэлэлцүүлэгт Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй яамныхан, энэ чиглэлийн төрийн бус байгууллага, Ашигт малтмалын газар, аймгуудын төлөөлөл оролцож байна.

Энэ жилийн хувьд уул уурхайн салбарын голлох хуульд өөрчлөлт оруулсан онцлогтой жил. 2014 оны нэгдүгээр сард баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн дагуу Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулсан. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг тусад нь батлуулсан. Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан гээд эрх зүйн хувьд томоохон шинэчлэл хийсэн хэмээн оролцогчид онцолж байна.

Харин энэ удаад “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” сэдвийг голчлон хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн үйл ажиллагаа явуулахад орон нутгийн иргэдтэй түншилж, хамтран ажиллах, энэ салбарын хөгжлөөс аль аль тал хувь хүртэх боломжийн талаар хэлэлцэж байгаа юм.

Монгол Улсын хувьд эдийн засгийн гол тулгуур нь уул уурхайн салбар байдаг. Гэтэл уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг орон нутгийн иргэд төдийлөн дэмждэггүй, эсэргүүцэх хандлагатай байдаг аж. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид “Тухайлбал, 2015 оны нэгдүгээр сараас хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхлэхэд, аймгийн Засаг дарга нараас санал авсан. Гэтэл Засаг дарга нарын 1/3 хувь нь дэмжихгүй гэх санал ирүүлсэн байна. Учир нь, тухайн нутагт олборлолт явуулж, хөрсийг нь эвдэж үйл ажиллагаа явуулдаг мөртөө мөнгө нь орон нутагт бодитойгоор ирдэггүй гэдгийг хэлдэг”  гэлээ.  

Тиймээс эрх зүйн хүрээнд зохицуулалт хийж, уул уурхайн салбараас орон нутагт ирэх ашгийг нэмэгдүүлэхээр эрхзүйн орчныг бий болгосон талаар энэ үеэр дурдлаа. Хуулийн гол зохицуулалт нь уул уурхайн салбараас улсын төсөвт шилжүүлдэг мөнгөний 20 хувийг тухайн аймагт, 10 хувийг суманд үлдээдэг байхаар зохицуулжээ. Мөн өмнөх хуулийн зохицуулалтаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь нь Хүний хөгжил санд, таван хувь нь Орон нутгийг хөгжүүлэх нэгдсэн санд, 25 хувийг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан. Тэгвэл шинэ Хүний хөгжил санд төвлөрүүлдэг 70 хувийг 65 болгож бууруулжээ. Улмаар таван хувийг нь улсын төсөвт шилжүүлсэн. Ингээд улсын төсөвт 30 хувь нь ирнэ.  Энэ 30 хувийн 70 хувийг улсын төсөвт үлдээнэ. Харин 30 хувийг нь орон нутагт олгодог болж зохицуулжээ. Шинэчилсэн хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудтай хамтран, зөвшилцсөний хүрээнд уул уурхайн салбарыг хөгжүүлж, харилцан ашигтай хувь хүртэх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн салбарынхан хэлж байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна