Ухаангүй иргэний үнэмлэхний уршиг

2016 оны 2 сарын 18

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх үеийн анх удаа орон сууц худалдан авсан иргэд, оюутны сургалтын төлбөрийн 10 хүртэл хувийг буцаан олгодог болоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ жилийн хувьд буцаан олголт эдлэхийг хүсэгчдийг харж үзэн энэ сарын 20-ныг хүртэл сунгаад буй.

Гэхдээ энэ буцаан олголтыг эдлэхэд туйлын бэрх. Орлогоо яаж бүрдүүлсэн, хэнээс авсан, мөнгө авсан хэн чинь хэрхэн мөнгө олсон гэхчлэн олон толгой эргэм бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болдог. Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс бол голдуу малаа зараад олсон мөнгөөрөө байрны урьдчилгаа бүрдүүлдэг. Гэтэл хөнгөлөлт эдлэхийн тулд малынхаа гарал үүслийн бичгийг авчир гэх нь холгүй юм болно.

Энэ нь ч мэдээжийн асуудал. Хүний адуу гүйлгээд хөрөнгөжиж, үл хөдлөх хөрөнгө болгосон байхыг үгүй гэх газаргүй. Хэн байг гэх вэ. Иргэн татварын буцаан олголт авах гэж буй бол шударгаар олсон мөнгөөрөө орон сууцаа худалдаж авч, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн байх шаардлагатай. Үүнийгээ л батал гээд байгаа хэрэг.

Гэхдээ даарин дээр давс гэгчээр бишгүй олон асуулт тулгарна. Хоёр жилийн өмнө хотод шилжиж ирээд, шилжилт хөдөлгөөнөө хийгээд шинэ хаягаараа нарийн хуудас авсан иргэд гээж үрэгдүүлэх нь элбэг байгаа аж. Гэхдээ иргэний бүртгэл, мэдээлэл цахим хэлбэрт шилжээд удаж буй нөхцөлд тэрхүү хуудсаа гээж үрэгдүүлсэн байлаа гэхэд иргэний үнэмлэхээрээ ТҮЦ машинаас лавлагаа авч болно. Гэтэл тэртээ хоёр жилийн өмнө шилжсэн мэдээллийн өнөөдөр хүртэл шинэчилж, ТҮЦ машиндаа оруулаагүй байх жишээний. Ингээд 1000 төгрөг төлөөд автомат машинаас авсан лавлагаа нь хэнд ч хэрэггүй цаас болж хувирна.

Уг нь иргэний цахим үнэмлэх гэсэн гоё үнэмлэхээр бид хуучны ухаангүй паспортаар сольсон. Гэхдээ цахим үнэмлэх маань ухаангүй паспортоос л долоон дор эд аж. Хуучин шилжилт хөдөлгөөн хийхэд ямар ч асуудалгүйгээр паспортаа өгөөд тэмдэглүүлчихдэг байсан бол ухаантай үнэмлэхэд шилжсэнээр нарийн хуудас гээчийг давхар агуулж явах хэрэг гарч байна. Тэрийгээ гээчихвэл тэгээд дуусаа.

Энэ мэт шалтгаанаар болоод цөөнгүй иргэд татварын хөнгөлөлтөө эдэлж чадахгүй хоцорч буй бололтой. Хорооны иргэний бүртгэл нийгмийн ажилтнууд ч энэ дутагдлыг хүлээн зөвшөөрөв. Программ шинэчлэгчид нь мэдээллээ дор бүр нь шинэчлэдэггүй учраас байн байн хорооноос ирж тодорхойлолт авдаг тухай нуусангүй. 

ТҮЦ машин иргэдэд цаг зав хэмнэж, явдал чирэгдэлгүй лавлагаа шуурхай авах боломжийг олгосон ч гэлээ мэдээллийг нь шинэчлэдэггүйгээс энэ мэтийн чирэгдэл учруулах болжээ. Уг нь бид тийм давж, дийлэхгүй ачаалал үүсгэтэл шилжээд байдаггүй л байлтай.

Иргэний бүртгэлийг статистиктай нийлүүлчихсэн энэ үед зориуд анхаарахгүй бол иргэдэд илүү ажил удсаар л байх нь.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна