Хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өслөө

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өслөө

Орост ган болж, түймэр гарлаа. Канадад бороо орж, үер боллоо. Австрали царцаа, голионы нүүдэлд дарагдлаа. Пакистанд бо­роо­­ны улирал нь эхэлж, гамшгийн хэмжээнд очлоо. Энэ бүхнээс шалтгаалан олон улсын зах зээлд үр тариа, цагаан будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр түвшинд хүрч, ёстой л тэнгэрт хадаж эхлэв.

Хятадад сүүлийн 10 жилд байгаагүй их үер болж буйн улмаас цагаан будаа, хөвөн даавуу, гахайн мах үйлдвэрлэгч тус улс дээрх бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж эхэлжээ. Энэ нь Хятадын Засгийн газар инфляцийн түвшинг гурван хувиас хэтрүүлэхгүй байх зорилтод саад болж байгаа юм. Цаг агаарын онц аюултай үзэгдэл болж байгаа нь цагаан будааны гаралтыг 5-7 хувиар, хөвөн даавууг 5-10 хувиар бууруулж байна. Хятадын хувьд цагаан бу­даа, хөвөн даавууны үйлд­вэрлэлээрээ дэлхийд гу­равдугаарт ордог. Гэтэл тус улсад байгалийн гамшигт үзэгдэл болж буйн улмаас дээрх бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оржээ.

Чикагод өнгөрсөн зурга­дугаар сарын 30-наас хойш цагаан будааны үнэ 15 хувиар өсч, Нью-Йоркт хөвөн даавууны үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй  харьцуулахад 26 хувиар нэмэгдсэн байна. Цаашлаад Хятадад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа юм. Өмнө нь Хятадад 1998 онд их үер болж байсны улмаас цагаан будааны үнэ 16 хувиар нэмэгдэж байв. Хятадын Ерөнхий сайд Вэн Зябао доод тушаалын дарга нар­таа үерийн гамшигт өрт­сөн нутгийн ард иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхийг даалгажээ. Хятадын Иргэний явдлын яамнаас өнгөрсөн сарын 27-нд мэдээлснээр үерийн улмаас нийт 400 мянга гегта газар сүйдэж, 7.8 тэрбум ам.долларын хор хохирол учирсан байна. Ямартай ч энэ оны эцэс гэхэд цагаан будааны гаралт 10 хувиар буурч магадгүй аж. Одоогийн байдлаар үр тариа, мах тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дунджаар 6.9-7.1 хувиар өсчээ. Энэ нь Хятадын хэрэглээний үнийн индексийг 2.38 ху­виар нэмэгдүүлсэн байна. Цаашид ч дээрх үзүүлэлт өсөх хандлагатай байгаа юм. Ирэх есдүгээр сарын эцэс гэхэд Намрын дунд сарын баяр болно. Тэр үе хүртэл үнийн өсөлт зогсохгүй байх аж. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас гаргасан судалгаагаар өнгөрсөн Хятад 2009 онд 137 сая тонн ца­гаан будаа үйлдвэрлэжээ. Тус улсын Засгийн газар хомсдох хандлагатай байгаа хүнсний бүтээгдэхүүнээ нөөцлөх талаар арга хэмжээ авж эхэлсэн байна. Тиймээс үнийн өсөлт гарах ч тэр нь хязгаарлах боломжгүй тийм хэмжээнд хүрэхгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс нь онцолж байгаа юм. Хятадад жил тутамд 500 сая тонн цагаан будаа тэргүүтэй үр тариа хэрэглэдэг. Харин Засгийн газар нь нийт эрэлтийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нөөцийг бий болгодог байна.

Орост болж буй гангийн улмаас улаан буудайн үнэ сүүлийн 22 сард байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ өнгөрсөн зургадугаар сараас хойш 50 хувиар нэмэгдсэн бай­на. Энэхүү өсөлттэй хол­боотойгоор гурил, цаашлаад талх, жигнэмэгний үнэ өсчээ. ОХУ бол улаан буудайн экспортын хэмжээгээрээ АНУ, Европын холбоо, Кана­дын дараа дөрөвдүгээрт ордог. Харин хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Казахстан тэргүүтэй орон өнгөрсөн онд нийт улаан буудайн экспортын 25 хувийг бүрдүүлжээ. Ерөнхийдөө цаа­­шид улаан буудайн үнэ өсөх хандлагатай бай­гаа. Гэхдээ ОХУ-ын Хө­дөө аж ахуйн яамны Дэд сайд Александр Беляев “Москвагаас улаан буудайн экспортоо бууруулахгүй” хэ­мээн мэдэгдсэн нь уг бү­тээгдэхүүний үнийг бага зэрэг бууруулжээ. Гэхдээ А.Беляевын нэг онцолсон зүйл нь урьдчилсан тоо­цоогоор Оросын улаан буу­дайн гарц 20 сая орчим тонноор буурах төлөвтэй байгаа юм. Тус улс өнгөрсөн 2009 онд 97 сая тонн улаан буудай хураасан билээ. Орост болж буй ган гачгийн улмаас хөрш зэргэлдээ Казахстан, Украйн экспортоо бууруулна гэх таамаг байгаа юм.

Улаан буудайн үнэ өн­гөрсөн зургадугаар сараас хойш 50 хувиар нэмэгдсэн тухай дээр дурьдсан. Өм­нө нь 2008 онд хүнсний бүтээгдэхүүнүүд хэт өндөр үнэтэй болж байсан. “Wall Street Journal”-д бичсэнээр тухайн үед үнийн өсөлтөөс болж Египет, Гайти, Па­кистанд үймээн самуун гарахад хүрч байв. Харин энэ жил АНУ-ын улаан буудайны ургац их гарна гэх тооцоо байгаа. Тус улс ирэх оны тавдугаар сар гэхэд 30 сая тонн улаан буудай нөөцөлсөн байхаар төлөвлөж байна. Энэ талаар АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ. Ядаж АНУ-д ургац их гарч буй нь үнийн хэт хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх боломжийг олгож байгаа юм.

Харин элсэн чихэрний үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улсад нийлүүлэлтээс давсан эрэлт бий болсны улмаас уг түүхий эдийн үнэ нэмэгдэж, хомсдол бий болох аюултай болооод байгаа. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр элсэн чихрийн үнэ 4.5 хувиар өсч, дэлхийн зах зээлд нэг фунт нь 18.26 цент болж байв. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард нэг фунт элсэн чихэр 16.55 цент байсан билээ. Энэтхэг улсад уг бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурах хандлагатай байгаа нь ийнхүү үнийн өсөлтийг дагуулжээ. Дэлхийн элсэн чихрийн үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр хагас жилийн байдлаар 157 сая тоннд хүрсэн байна. Харин өнгөрсөн даваа гарагт нэг фунт элсэн чихэр 19.88 цент болсон нь өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас хойшхи хамгийн өндөр үнэ юм. Бразильд олон өдрийн турш их устай, ширүүн бороо үргэлжлэн орсны улмаас боомтууд нь хэвийн ажиллах боломжгүй болсон. Тиймээс тус улсаас ирэх экспорт тасалдахад хүрээд байгаа. Үүнтэй зэрэгцээд Азид элсэн чихрийн эрэлт өссөөр байна. Ямартай ч Энэтхэг улс үйлдвэрлэлээ нэмэхийг зорьсоор байгаа юм. Тус улс ирэх улиралд 25.5 сая тонн элсэн чихэр үйлдвэрлэхээр тооцож буй нь өнгөрсөн оны мөн үед 18.7 сая тонн байснаас давсан хэмжээ болжээ.
Ийнхүү хаа сайгүй байгалийн гамшиг тохиож буйн улмаас улаан буудай, цагаан будаа, элсэн чихэр тэргүүтэй хүнсэнд хэрэглэдэг гол түүхий эдүүдийн үнэ өссөөр байна.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж